Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
ЦУГЛУУЛГА
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой бөгөөд үзэсгэлэнд Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн онцлох түүхэн үйл явдлуудыг өгүүлэх архивын сангаас тусгайлан сонгосон 30 гаруй сонины дугаарыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.
Esan.mn нь 2014 оноос хойш ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл болон судалгааны материалыг цахимжуулж, хүн бүрд хүртээмжтэй, нээлттэй сан болгон төвлөрүүлсэн Монголын хамгийн том цахим сан юм.
Улмаар 2025 онд Монголын түүхэн хэвлэл мэдээллийн нэгдсэн цахим архив болох News.esan.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 11 редакцын 30,000 гаруй бүтээлийг сандаа нэгтгээд байна. Хэрэглэгчид News.esan.mn сайтад зочлон, ухаалаг хайлтын системийн тусламжтайгаар сонины нэр, дугаар болон холбогдох түлхүүр үгээр хүссэн мэдээллээ хайж, унших боломжтой.
Мөн сонины аль нэг хуудсыг хэвлэн, жаазлуулж дурсгал болгон хадгалах, бусдад бэлэглэх боломжийг ч бүрдүүлжээ.
30 зураг
Энэхүү сонин их жанжны амьдрал, үйл хэрэг, гавьяа зүтгэлийг дурсан нийтэлсэн дугаар юм. 1924 оноос түүний дурсгалыг хүндэтгэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.
Хувьсгалт намын 13 жилийн ой намын тэргүүлэгчид: Анхны их удирдагч Сүхбаатар Төв хорооны нарийн бичгийн дарга Элдэв-Очир Сайдын нарын зөвлөлийн ерөнхий сайд Гэндэн Нарын бичгийн дарга Лувсаншарав Намын анхны удирдагчийн нэг, мал тариалангийн яамны сайд Чойбалсан Цэргийн яамны сайд бөгөөд бүх зэвсэгт хүчний жанжин нөхөр Дэмид Дотоодыг хамгаалах газрын дарга нөхөр Намсрай Гишүүн Ренчин Гишүүн, худалдаа үйлдвэрийн яамны сайд Мэнд Гишүүн Равдан Тэргүүлэгчийн орлогч, бүх улаан цэргийн улс төрийн газрын дарга Өлзийбат.
1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын Анхдугаар Их Хурлаар Анхны Үндсэн хуулийг баталж, Монгол Улс Бүгд Найрамдах засаглалд шилжсэн билээ. Энэхүү түүхэн үйл явдлын үеэр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс төр, цэргийн нэгдмэл удирдлага дор улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөг үүрд батлан хамгаалахаа нийт ард түмэндээ сонсгон баталгаажуулсныг тус дугаарт нийтэлжээ.
Ардын хувьсгалт цэрэг нь улс орны нүүдлийн мал аж ахуй, үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах иргэдийг өөрийн эгнээнээс бэлтгэн гаргаж ирсэн тухай өгүүлжээ. Мөн цаашид ч тэднийг төлөвшүүлэн хөгжүүлэх болохыг онцолсон байна.
Нийтлэлд Хувьсгалт залуучуудын эвлэл нь залуусыг удирдан зохион байгуулж, сурган хүмүүжүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага болохыг өгүүлжээ. Сургуулиар дамжуулан залуучуудыг улс төр, үзэл суртлын чиглэлээр хүмүүжүүлж, тухайн үеийн уламжлалт шашны нөлөөнөөс ангид байлгах, эвлэлийн үзэл санааг үргэлжлүүлэх шинэ үеийг бэлтгэхэд чиглэж байсныг тусгасан.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Монгол Улс бие даасан эрхээ сэргээн, Үндэсний соёл, боловсрол, ахуй амьдралаа тайван замаар цэцэглүүлэн хөгжүүлэх боломж бүрэлдсэн юм.
1910 онд Данид хуралдсан дэлхийн эв хамт эмэгтэйчүүдийн хоёрдугаар их хурал нь Германы коммунист эмэгтэй Калари Чеонгений саналыг хүлээн авч, жил бүрийн 3-р сарын 8-ны өдрийг бүх дэлхийн хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хувьсгалт хүчнийг бүртгэн хөрөнгөт ёсны эсрэг тэмцлийг зохион байгуулах түүхт өдөр болгон явуулахаар тогтоожээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан онц хуралдаанаар Япон улсад албан ёсоор дайн зарлаж, энэ тухай шийдвэрийг баталгаажуулан мэдэгдсэн юм. Энэхүү нийтлэл нь Монголын хэвлэл мэдээллээр Зөвлөлтийн дайн зарласан шийдвэрийг ард иргэдэд мэдээлж байсан чухал баримт юм.
Монгол орон даяар нэгэн дуугаар "Тусгаар тогтнолын төлөө" саналаа өгсөн түүхэн өдөр. Энэхүү санал асуулга нь Монгол Улсын бүрэн эрхт, тусгаар тогтносон байдлыг дэлхий дахинд батлан харуулж, XX зууны улс төрийн түүхэнд том ялалт болон үлдсэн билээ.
Монгол ардын хувьсгалт армийн 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан, армийн үүсэл нь улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх гэсэн Монголын ард түмний эв нэгдлээс үүсэн бий болсныг онцлон, энэ өдөр гадаадын түрэмгийлэгчидтэй хийсэн тулалдаанд анхлан ялалт байгуулснаар ард түмний зоригийг бадруулсан түүхэн өдөр болон тэмдэглэсэн байна.
Монгол Улс НҮБ-д элссэн нь 20 дугаар зууны гадаад бодлогын хамгийн том ялалтуудын нэг байсан юм. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий нийтээр эрх зүйн хувьд бүрэн зөвшөөрөн баталгаажуулсан түүхэн эргэлтийн цэг болсон билээ.
1950-иад оны сүүлээс 1960-аад онд өрнөсөн “Соёлын довтолгоо” нь монголчуудын боловсрол, эрүүл ахуй, ахуй соёлыг дээшлүүлэх зорилготой ажил байв. Иргэдийг бичиг үсэгт сургах, цэвэрч байх, ариун цэвэр сахих зэрэг шинэ дадалд уриалж, энэ тухай сонин хэвлэлээр нийтлэл, сурталчилгаа тогтмол гаргаж, орон даяар хэрэгжүүлжээ."
Тухайн үеийн сонины Шинэ жилийн тусгай дугаарт өнгөрсөн жилийн хөдөлмөрийн амжилтыг онцлон тэмдэглэж, ирэх оны зорилго, хүсэл тэмүүллийг нийтлэлээр дамжуулан илэрхийлдэг байв. “Амжилтаар үдлээ”, “Шинэ онд шинэ бэлэг”, “Малаа өсгөлөө” зэрэг нийтлэлүүд нь тухайн үеийн нийгмийн хөдөлмөр, бүтээн байгуулалт, мал аж ахуйн ололтыг онцлон, уншигчдад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн.
Энэхүү нийтлэл нь 1975 оны Цагаан сараар малчид, тариаланчдад зориулан гаргасан төр, намын Баярын мэндчилгээ юм. 1974 онд 9 сая орчим төл авч, мал сүргийг 770 мянгаар өсгөж, газар тариалангийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн. Харин ирэх жилд таван жилийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж, хаврын тариалалт болон төл хүлээн авах ажлыг чанартай зохион байгуулахыг уриалжээ.
БНМАУ-ын төрийн дээд эрх барих байгууллага болох Ардын Их Хурлын сонгуульд сонгогчдыг 100 хувийн ирцтэй, идэвх санаачилгатай оролцохыг уриалсан сурталчилгааны дугаар. Тухайн үеийн сонгууль нь Төр, Намын бодлогыг дэмжих, нийгмийн нэгдмэл байдлыг тунхаглах үзэл суртлын чухал кампанит ажил байв.
1978 оны 12 дугаар сарын 14-нд Монгол, Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа гаргаж, эхний ээлжээ ашиглалтад оруулжээ. Энэ нь Монголын XX зууны хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг болж, уул уурхайг түшиглэсэн Эрдэнэт хот болон орчин үеийн аж үйлдвэрийн цогцолбор бүрэлдэх эхлэлийг тавьсан түүхэн үйл явдал байв.
1980 оны 7-р сарын 13-нд Монгол Улс Ардын хувьсгалын 59 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байв. Тэр жилийн наадамд Д.Цэрэнтогтох аварга түрүүлж, Ж.Мөнхбат аварга үзүүрлэсэн юм.
Бүх нийтийг боловсролтой болгох хөдөлгөөн нь 1950-иад оноос эхэлж, 1980-аад онд дараагийн шатандаа шилжиж, хүүхэд бүрийг 10 жилийн бүрэн дунд боловсролтой болгох зорилго тавигдсан юм. Ингэснээр боловсролыг зөвхөн хот суурин газрын хүүхдүүдэд бус, алслагдсан сум, багийн малчин өрхийн хүүхдүүдэд хүртээмжтэй болгохыг зорин, сониноор дамжуулан мэдээ мэдээллийг хүргэдэг байв.
1981 оны 3-р сарын 22-нд Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Зөвлөлтийн сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт нисэв. Тэрээр Монгол Улсаас сансарт ниссэн анхны хүн болж, Монгол–Зөвлөлтийн хамтарсан сансрын хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухааны туршилтууд хийжээ. Ингэснээр Монгол Улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс болсон юм.
МАН болон Ардын төрийг үндэслэн байгуулагч Д.Сүхбаатарын амьдрал, хувьсгалт тэмцлийн түүхэн гавьяаг алдаршуулсан нийтлэл. Уг баримтад 1919 оны нууц бүлгэм, 1920 оны Ардын Намын үүсэл болон 1921 оны Ардын хувьсгалын ялалтад түүний гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцлон тэмдэглэжээ.
С.Лочингийн нийтлэлд монголчууд үр хүүхдээ дээдлэн хайрлаж, өсгөн хүмүүжүүлдэг эртний уламжлалыг онцлон өгүүлжээ. Тэрээр “Үртэй хүн баян, үндэстэй мод саглагар”хэмээх ардын зүйр үгийг эшлэн, хүүхэд багачууд бол улс үндэстний ирээдүй, баялаг болохыг тэмдэглэсэн байна.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ""Шинэ зам"" нэгдлийн хоньчид болон тэмээчин нэгдэлтэйгээ гэрээ байгуулан ажиллаж, төлөвлөгөөт үүргээ давуулан биелүүлжээ. Мөн С.Дүгэрсүрэн төл бойжуулах, мал саах ажилд дадлагажсан тэргүүний малчин бөгөөд тэдний суурийн нийгмийн болон амины бог мал төллөж эхэлсэн тухай мэдээ.
Энэхүү архивын хуудас нь 1990 оны 7 дугаар сарын 29-нд явагдсан Монгол Улсын анхны олон намын оролцоотой, чөлөөт ардчилсан сонгуулийн сувалжлага, бэлтгэл үйл явцыг харуулсан түүхэн баримт юм. Нийтлэлд олон ургальч үзлийн үндсэн дээр иргэд саналаа өгч буй болон гадаадын ажиглагчид оролцсон талаар тусгажээ.
Энэхүү нийтлэлд дэд эрдэмтэн Х. Дарамбазар Монгол хүний уламжлалт сэтгэлгээ нь өнгө, дүрс, хэлбэрээр бэлгэдэн утга санааг илэрхийлэх, байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн орших онцлогтой. Монголчууд нар, сар, од эрхсийг хүндэтгэн шүтэж, ахмад настнаа дээдлэн хүндэлж, тэдний сургаал, зан заншлыг эрхэмлэн ирсэн тухай тайлбарлан бичжээ.
Монгол орны байгаль орчин, хөрсний доройтол болон цөлжилтийн асуудлыг онцлон хөнджээ. Говь-Алтай аймаг дахь элсний нүүдэл, цөлжилттэй тэмцэх асуудлаас эхлүүлэн газар доорх усны нөөц, "Естийн рашаан"-ыг хамгаалах хүртэлх байгаль хамгааллын чухал сэдвүүдийг иж бүрнээр нь олон нийтэд анхааруулсан түүхэн баримт юм.
Энэхүү архивын баримт нь 1990 оны Ардын Их Хурлын чуулганаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдон, тангараг өргөх үеийн түүхэн агшныг харуулж байна. Энэхүү үйл явдал нь Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хуульт байгууламж, Ерөнхийлөгчийн засаглалын суурь тавигдсан түүхэн ач холбогдолтой юм
Ардын Их Хурлаас Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хуулийг батлан гаргасан түүхэн үйл явдлыг олон нийтэд мэдээлсэн сонины дугаар. Уг Үндсэн хуулиар Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, парламентын ардчилал, олон ургалч үзэл, хувийн өмчийг хуульчлан баталгаажуулж, ардчилсан нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэнийг тунхагласан юм.
1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны түүхэн гавьяаг дурдаж, улсын тусгаар тогтнолыг хамгаалахад мэргэшсэн хүчтэй арми хамгийн чухал болохыг онцолсон байна. Мөн үе үеийн залуусын залгамж халаагаар эх орноо хамгаалж ирсэн Ардын армийг "мөнхийн залуу арми" хэмээн тодорхойлжээ.
Энэхүү нийтлэл нь 1996 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан Холбоо эвсэл олонх болж, төрийн эрх мэдлийг анх удаа бүрэн хүлээн авах үеийн улс төрийн нөхцөл байдлыг харуулсан түүхэн баримт юм. Нийтлэлд шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, хүчний байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хяналт ардчилсан хүчний гарт очиж байгааг онцолжээ.
2008 оны 8 дугаар сарын 23-нд Монгол Улсын тамирчин Э. Бадар-Ууган Бээжингийн олимпын наадмын боксын 54 кг-ын жинд аваргалж, олимпын алтан медаль хүртсэн билээ. Энэ нь Монголын боксын спортын анхны, Монгол Улсын олимпын түүхэн дэх хоёр дахь алтан медаль болж, эх орныхоо нэрийг дэлхийн индэрт дуурьсгасан түүхэн үйл явдал байв.