Боловсролын салбарын хөгжилд цахим дэвшил болох ESAN EDU платформд Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон Шинэ монгол технологийн дээд сургуулиуд нэгдлээ.
ESAN EDU платформыг Монголын хамгийн том, төрөлжсөн цахим сан болон ESAN төслийн хамт олон хөгжүүлжээ.
“Боловсролын бүх шатанд оюуны хулгайг арилгахыг зорьж байгаа”
Энэ талаар Степпе Линк Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин “Боловсролын салбарын багш, судлаачдын бүтээлүүдийг хүртээмжтэй болгох, оюуны өмчөөр хамгаалах тогтолцоог хэвшүүлэхийн тулд ESAN EDU платформыг хөгжүүллээ. Хөгжүүлэлтийн явцад хуулбар шалгуур, эш татах системийг бий болгоход хамгийн их цаг зарцууллаа. Бид боловсролын салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бид цаашид гадны сангуудтай хамтран ажиллахаар зорьж байна. Энэ хүрээнд олон улсад хэрэглэгдэж буй DRM/Digital rights management/ системийг нэвтрүүлж цахим бүтээл болон хэрэглэгчийн мэдээллийг найдвартай хамгаалах ажлыг хийлээ.
Түүнчлэн гадны ижил төрлийн сангуудтай агуулгаа харилцан ашиглах, суралцах боломжийг бүрдүүлэхэд бэлэн болоод байна” хэмээн ярилаа.
“Хиймэл оюун ухаан ашиглан хүссэн бүтээлээ аудио хэлбэрт шилжүүлэн сонсох боломжтой”
ESAN EDU платформын хөгжүүлэлтийн талаар Степпе Линк ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бауырбек “ESAN системийг долоо дахь жилдээ хөгжүүлж байна. Үүний сүүлийн дөрвөн жилд хиймэл оюун дээр суурилан ажиллаж байгаа. Дэлхийн хамгийн том буюу Европын холбооны DRM/Digital rights management/-г ашиглан контентын оюуны өмчийг хамгаалж байгааг онцлон хэлмээр байна. Дэлхийн нэр хүндтэй олон сургуульд ашигладаг энэ систем контент оюуны өмчийн хулгайд өртөхөөс сэргийлж байгаа юм.
Хиймэл оюун ухаан дээр төвлөрөн ажиллаж байгаа талаар дээр дурдсан. Энэ хүрээнд тэмдэг таних технологийг ашиглан системд орж ирж буй контентыг агуулгаар таниулан оруулж байна. Ингэснээр хайлт хийхдээ номын гарчиг, танилцуулгаас хайдаг байсан бол одоо номын дотор агуулгаас хайх боломжтой. Таны хайж буй агуулга энэ номын, аль хуудаст байгааг харуулна гэсэн үг. Мөн хуулбар шалгуур хиймэл оюун ухаан дээр суурилж байна.
Эрдэм шинжилгээний бүтээлүүдийн зохиогчийн хувьд үнэлэмжийг бий болгох хөгжүүлэлт хийгдсэн. Хэний бүтээл хамгийн олон удаа эш татагдаж байгааг харах боломжтой.
Түүнчлэн хиймэл оюун ухаан ашиглан хүссэн бүтээлээ аудио хэлбэрт шилжүүлэн сонсох боломжийг бий болгосон” гэдгийг хэллээ.
Одоогийн байдлаар ESAN-д 50,000 орчим эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа, ном гэх мэт контентууд байршаад байгаа юм байна.
“Оюуны бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр, өргөн хүрээтэйгээр нийгмийн эргэлтэд оруулж байна”
Манай улсын томоохон их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн сантай, тодорхой хэмжээгээр цахимжиж байгаа хэдий ч оюутан судлаачид тэр бүрд нэвтэрч, хэрэгтэй мэдээллээ олж авах нь амаргүй ажил хэвээр байгаа юм.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Маркетингийн албаны дарга Б.Наранзаяа
“Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарт хийгдсэн оюуны бүтээлүүдийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэх ажил ESAN төслийн хүрээнд хийгдэж байна гэж ойлгож байгаа. Оюуны бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр, өргөн хүрээтэйгээр нийгмийн эргэлтэд оруулж байгаа учраас их, дээд сургуулиуд хамтран ажиллаж байгаа юм.
Багш, судлаач, эрдэмтдийн оюуны өмч хамгаалагдаж албан ёсоор эшлэл зүүлт ашиглах, дурдах боломж бүрдэж байна. Мөн байгууллагын нэрийн өмнөөс гарч байгаа бүтээлүүд, судалгааны төсөл, тэдгээрийн үр дүнгүүд өргөн хүрээнд хэрэглэгчдэд хүрэх юм. Хэрэглэгч буюу суралцагчдын хувьд нэгдсэн сангаас өөрийн судалгааны чиглэлтэй холбоотой мэдээллийг олж авах, хайлт хийхэд хялбар болно. Ингэснээр судалгааны чанар сайжрах боломж бүрдэж байгаа.
Өмнө нь сургуулиуд өөр дээрээ мөн улсын хэмжээнд судлаач, эрдэмтдийн бүтээлүүдийг төвлөрүүлэх, сан бүрдүүлэх үйл ажиллагаа хийгдэж байсан. Энэ төслийн хувьд тэдгээрээс ахисан түвшинд, мэдээлэл тавигдах, түүнээс өргөн хүрээтэйгээр авч ашиглах боломж бүрдэж байгаагаараа давуу талтай” хэмээн ярилаа.
Их, дээд сургуулиуд ESAN EDU платформд нэгдсэнээр нэгдсэн мэдээллийн цахим сантай болохоос гадна хуулбар шалгуур, эш татах системийг ашиглан оюуны өмчийг хамгаалж хэвших давуу талтай юм.
Эх сурвалж: ikon.mn
Хариу бичих