ЕSAN платформ нь Монгол Улсад хэвлэгдэн гарсан бүхий л хэвлэмэл бүтээлийг esan.mn болон ESAN аппликейшнээр дамжуулан цахим хэлбэрээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монголын анхны бөгөөд хамгийн том цахим сан юм. Тус төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч, “СтеппеЛинк Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшинтэй ярилцлаа.
ESAN төслөө хэзээнээс эхлүүлсэн бэ?
ESAN төслийг хийе гэсэн санаа намайг Эмират улсад сурч байх үед төрж байлаа. Боловсрол бол үндэсний дархлаа, үүнийг л эх орондоо хэрэгжүүлэхсэн гэж зорьсоор 2013 онд компаниа байгуулсан. Бид 2014 оноос төслийн судалгааны ажлаа эхлүүлж, дотоод, гадаадын тэргүүний туршлагаас эхлээд алдаа, оноог нь нэг бүрчлэн судалсаар, 2016 онд хөгжүүлэлтээ эхлүүлсэн. Энэ цагаас хойш манай ажилтнуудын хүсэлт тэмүүлэл, хүчин чармайлт, системийн тасралтгүй хөгжүүлэлт, тогтмол сайжруулалтын үр дүнд өнөөдөр ESAN хамгийн найдвартай, хурдан, ашиглахад хялбар цогц систем болж чадсан. Бид ном зарах биш. Боловсролын салбарт цаашид ч өргөн хүрээнд тогтвортой ашиглагдах төсөл хэрэгжүүлэхийг зорьж, энэхүү төслөө анх эхлүүлж байлаа. Одоо манай төсөл гурав дахь үе шат дээрээ явж байна. Энэ жилээс ESAN дотроо хоёр хуваагдаж, нэг нь их сургуулиуд, багш, оюутнуудад зориулсан Esan-Edu, нөгөө нь зохиолчид, олон нийтэд зориулсан үндсэн цахим номын сан болж төрөлжиж байна.
Нэг жишээ дурдахад, 1997 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай тангараг өргөхдөө ямар үг хэлж байсныг олъё, эсвэл Дэлхийн шилдэг эрдэмтэн, Монгол Улсын эрдэмтэн, академич, доктор, профессор Г.Цэрэнчунтын анхны ярилцлагыг олж уншъя гэвэл тухайн үеийн сонинуудыг шүүх, архив ухах гээд багагүй ажил болно. Тэгвэл манай ESAN платформ нь хүмүүсийн хайж буй хэрэгтэй мэдээллийг аль сонины, аль дугаарын, аль хуудсанд байгааг харуулж, олоход хялбархан болгодог. Манайхаас олсон мэдээллээ сонсож бас болно. Эсвэл бичвэрээр нь авч болно. Одоогийн энэ цаг үед олохыг хүссэн үнэн, зөв мэдээллээ хялбархан олно гэдэг өөрөө асар их үнэ цэн гэж боддог. Манай улсад л гэхэд сүүлийн 100 жилд таван сая гаруй ном, сонин, сэтгүүл хэвлэгдсэн байна. Түүний ердөө 0.3 хувь нь л тогтмол ашиглагддаг байна. Үүнийг цахимжуулах ажлыг бид хийж байгаа бөгөөд цахимжуулахын тулд хувиргах машинаа өөрсдөө бүтээсэн. Хувиргах машин гэдэг бол скайнер, каноноос тусдаа ойлголт.
Одоогоор танайх ямар хэмжээний материалуудыг цахимжуулаад байгаа вэ?
Бид оюуны өмчийг дээдлэн ажилладаг. Тиймээс Оюуны өмчийн тухай хуульд заасны дагуу зохиогч, эсвэл эзэмшигчтэй нь гэрээ байгуулсны дагуу тухайн бүтээлүүдийг цахимжуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар бид 30 мянга орчим материалыг цахимжуулаад байна. Өнгөрсөн жил 100 жилийн түүхтэй “Үнэн” сонины бүх дугаарыг цахимжуулж өгсөн. Ингэснээр уншигчид хүссэн мэдээллээ дурын он, сар, өдрөө оруулан архиваас авах боломжтой болсон.
Мөн их, дээд сургуулиудын эрдмийн ажлуудыг цахимжуулж байна. Бид 18 их, дээд сургуулиудтай гэрээ байгуулж, эрдмийн ажлуудыг нь цахимжуулж дууссан байгаа. Одоогийн байдлаар ХААИС, Шихихутаг, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг сургуулиудтай гэрээ байгуулахаар ярилцаад явж байна.
ESAN-гийн хандалт ямар байна вэ. Тухайлбал, өдөрт хэчнээн хүн хандаж байна?
Манайх өдөрт хэдэн мянгаар хэмжигдэх хандалт авдаг. Анх гадаадаас хандаж байгаа хүмүүс нь их байсан. Бараг гурван хүн тутмын хоёр нь гадаадаас хандаж байгаа хэрэглэгч байсан бол сүүлийн үед дотоодын хандалт эрчимтэй нэмэгдэж байгаа.
Нууц биш бол ESAN хэр зэрэг ашигтай төсөл вэ. Орлогоо хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
Одоогоор бид ашиг орлогыг чухалчлалгүй хийж байгаа ажлаа бүрэн дуусгахыг зорин ажиллаж байгаа. Төслөө тасралтгүй хөгжүүлж, тогтмол сайжруулахын тулд манай 80 гаруй ажилтан хичээнгүйлэн ажиллаж байна. Мэдээлэл технологийн салбарт арвин туршлагатай, чадварлаг, мэргэшсэн хамт олноор багаа бүрдүүлж, бүгд нэг зорилго, нэг чиглэлд харж чаддаг учраас бидний ажлын үр дүн ч мөн үргэлж сайжирч, зорилгодоо алхам алхмаар ойртож байгаагаа харах урамтай байдаг.
Бидэнтэй хамтран ажилладаг зохиолч, уран бүтээлчдийн хувьд зохиол бүтээлээ манай санд төлбөргүй байршуулж, уншилтаас олсон орлогоо өөрсдөө авдаг. Мэдээж манайх тодорхой хувийг нь авах зарчмаар ажилладаг. Тиймээс бид зохиолчид, их, дээд сургуулиудад манай цахим платформыг ашиглаач гэсэн санал тавьж байгаа. Хүмүүнлэгийн ухааны их сургууль л гэхэд манай санд төлбөргүй байршуулсан дипломын ажлуудаасаа энэ оны эхний гурван сард сая гаруй төгрөгийн орлого олсон. Хүмүүс ном худалдан авч, эсвэл номын санд очиж уншдаг. Үүндээ ч багагүй мөнгө, цаг хугацаагаа зарцуулдаг. Харин манай платформын хувьд хэзээ ч, хаанаас хүссэн номоо цахимаар уншиж, сонсох боломжийг олгодог. Төлбөр нь Төв номын сангийн тарифтай ойролцоо. Манайх ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг онлайн номын сангуудын аппликейшнуудтай харьцуулахад үнийн хувьд хямд төсөр байдаг.
Зохиолч, эрдэмтэн судлаачдын бүтээлийг цахимжуулж өвлүүлэн үлдээх нь төрийн оролцох ажил. Төрийн зүгээс танай ESAN төслийг хэр зэрэг дэмждэг вэ?
Хийж байгаа ажлаа төрд танилцуулах, хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс яамны үүд сахиад суудаг гэж ярьдаг даа. Тэр хүмүүсийн тод жишээ нь би. Өнгөрсөн хугацаанд олон сайдын нүүр үзлээ. Л.Энх-Амгалан сайд шинээр томилогдсонд хувьдаа талархаж байгаа. Яагаад гэвэл, боловсролтой хүн. Албан бичиг хүргүүлсэн. Бидэнд Боловсролын мэдээллийн технологийн төвтэй хамтран ажиллахыг зөвлөсөн хариу өгсөн.
“Eagle news” телевизээс зохион байгуулж байгаа “Боловсрол медиа экспо”-д яагаад хамтран зохион байгуулагчаар оролцохоор шийдсэн бэ?
Манай компанийн хувьд дээд боловсролын чиглэлд цахим платформ хөгжүүлдэг компани учраас боловсролын чиглэлд зохион байгуулагддаг “Боловсрол медиа экспо”-д оролцох нь зүйтэй гэж үзэж, энэ жил анхны жилдээ хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Энэ жилийн экспо ковид-19 цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдсан нь онцлогтой байлаа. Нэг талаас сургуулиа танилцуулах гэж буй удирдлагууд, нөгөө талаас сургуулиа сонгох гэж буй сурагч, оюутнууд эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйгээр мэдээллийг нэг дороос авах хамгийн том боломжийг “Боловсрол медиа экспо” олгодог.
Тэр үүднээс бид энэхүү экспогоор дамжуулан Үндэсний мэдлэгийн цахим сан ESAN болон их, дээд сургуулийн багш, оюутнуудад зориулсан ESAN Edu платформоо танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт бид “Eagle news” телевизээр “Сургалт судалгаа, оюуны бүтээлийн цахим нэгдсэн сангийн боловсрол шинжлэх ухаан нийгэм дэх хэрэгцээ шаардлага” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцлоо. Боловсрол шинжлэх ухааны яамны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл, ХИС-ийн Академик чиглэл хариуцсан дэд захирал, доктор, профессор С.Эрдэнэтуул багш нартай хамт оюуны бүтээлийн цахим нэгдсэн сангийн хэрэгцээ шаардлага, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хөгжил зэргийг нэлээд өргөн хүрээнд тал бүрээс авч үзэн ярилцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд олон нийтэд тэр дундаа боловсролын салбарын хамт олонд энэ чиглэлээр тодорхой, чухал мэдээллүүдийг хүргэж чадсан байх гэж дүгнэж байна.
Эх сурвалж: eagle.mn
Хариу бичих