Орчуулагч Л.Алтангэрэл бага ахуй цагаасаа эхлэн айлуудын хойморт залаатай байх судрууд дотор нь юу бичсэн байгаа бол хэмээн ихэд гайхан, сонирхдог байжээ.
Учрыг нь мэдэх гэсэн хүслээ дотроо тээсээр, хүслээ гүйцээж, Жадамба, Сундуй, Банзрагч судрыг эх хэлнээ орчуулан буулгасан нь уншигчдын мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. Тэрбээр олон нийтэд хүртээмжтэй байлгахыг зорьсон тул Үндэсний цахим номын сан Esan-д дээрх судруудаа байршуулж байгаа аж. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
Л.Алтангэрэл: Бага байхдаа айлуудад байдаг том, том судруудыг хараад юу гэж бичсэн бол, учрыг олохсон гэж боддог байсан
– Эртнээс нааш монголчуудын хүндэтгэн дээдэлж ирсэн судруудыг та эх хэлэндээ буулгажээ. Яагаад орчуулъя гэж зориглосон бэ. Энэ бол маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулах ажил шүү дээ?
– Баянхонгор аймгийн Баянбулаг суманд эртний судартай айл олон байсан. Бага байхдаа айлуудад байдаг том, том судруудыг харахад голдуу Жадамба, Сундуй байдаг байв. Эдгээр судрын учрыг олохсон гэж боддог байсан. Сумын сургуулийн сурагч байхдаа энэ судруудад юу бичсэн байдаг бол, гоё адал явдалтай роман байгаа болов уу ч гэж боддог байв.
Үсгийг нь сурчихвал уншаад ойлгочихно гэж бодсон. Гэтэл гадаад хэл дээр бичигдсэн, шашны нэр томьёо ихтэй, ялангуяа Жадамба судар бол ойлгоход төвөгтэй судар байв. Харин сүүлд Эдвард Конс гэдэг хүний англи хэл дээр орчуулсан хувилбарыг уншсан. Монгол, төвөдөөр уншаад бүрэн дүүрэн ойлгоогүй надад англи дээр уншихад их ойлгомжтой санагдсан. Иймд англи хувилбартай нь харьцуулж орчуулсан.
Жадамба судар бол хоосон чанарын тухай өгүүлдэг. Бодьсадва, бодь сэтгэлтэн яаж замнах ёстой талаар сургасан маш хийсвэр утгыг өгүүлсэн байдаг. Тайлбар нэр томьёо ихтэй. Үгийн утгыг ойлговч, цаад оноосон утгыг бүрэн илэрхийлэхэд хүнд.
Орчин үеийн хэлээр судар орчуулах болсон шалтгаан нь хуучин монголоор орчуулан судруудыг уншихад төвөгтэй, ойлгоход бэрх. Учир нь нэр томьёо нь төвөд хэлнээсээ буулгасан байдаг. Харин төвөд нь санскритдээ түшиглэсэн. Тэгэхээр монгол хэлээрээ юм шиг боловч яг юу гэж байгаа нь ойлгогдохгүй байх нь элбэг. Эрдэмтэй лам нар мэдээж хэрэг ойлгож байгаа. Гэвч жирийн уншигчдад ойлгомжгүй.
Жадамба судрыг орос эсвэл англи хэл дээр уншихад илүү ойлгомжтой байдаг вэ гэхээр нэр томьёог нь орчин үеийнхтэй дүйцүүлсэнд байгаа юм. Жишээлбэл, төрөн түгэхүй гэдэг нь таван мэдрэхүй гэсэн үг шүү дээ. Таван мэдрэхүй гэхээр бүгд мэддэг ч төрөн түгэхүй гэхээр мэдэхээ больчихдог. Энэ бол дөхөмчилж байгаа хэрэг.
Багаасаа эртний судрууд дотор юу гэж бичсэн байгаа бол гайхдаг байсан хүмүүс их бий байх. Тиймээс орчин үеийн хэлээр орчуулж үзье гэж шийдсэн.
– Орчуулахад хэр хугацаа шаардав?
– Жадамба судрыг барин тавин 2-3 жилийн хугацаанд орчуулсан. Сундуй бол жижиг хэмжээний тогтоол тарни ихтэй, Жадамба шиг гүн ухааны тайлбар бүтээл биш учраас илүү ойлгомжтой байсан. Иймд жил орчим хугацаанд орчуулсан. Гэхдээ хэмжээгээрээ Сундуй нь Жадамбаас том.
– Та өмнө нь судар орчуулж байв уу?
– Жадамбаас өмнө Доржзодов буюу Очир огтлогч гэж судрыг англи, төвөдийг нь харьцуулж байгаад орчуулж байсан. Энэ бол Жадамбын хураангуй хувилбар гэж ч хэлж болно. Гэхдээ үүнийгээ хэвлүүлээгүй, зөвхөн өөртөө хадгалсан. Ингэж орчуулж байсан нь Жадамба судрыг орчуулахад гол суурь нь болж өгсөн. Үг хэллэг, нэр томьёо, гол ойлголтууд нь давтагддаг.
– Та дээрх гол бүтээлээ цахим номын сан Esan-д байршуулж байгаа гэж сонссон?
– Цахим номын санг тун мундаг санаачилга гэж харж байгаа. Төвөд хэл дээр байдаг олон судар бий. Ганжуур, Данжуур судруудыг төвөд хэлээр нь цахимд байршуулж байна. Олон улсад лам нарын түүхэн бүтээлүүд ч байршуулсан том хэмжээний цахим сан байдаг. Тэрхүү олон мянган судар бичгийг улам урт хугацаанд хадгалахын тулд цахимд байршуулж байна шүү дээ.
Харин манайд сүүлийн үед e-nom санаачилга гарч байгаа нь цаг үетэйгээ нийцсэн алхам юм. Цаашид ч олон судар номыг цахимд байршуулах хэрэгтэй. Уран зохиолын ном төдийгүй эрдмийн ажил, судалгааны бүтээлүүд ч Esan-д байдаг юм байна лээ. Энэ бол тун өргөн хүрээг хамарсан ажил.
Цаашид үндэсний номын санд буй монгол бичгээр бичигдсэн бүтээлүүдийг цахимжуулах хэрэгтэй гэж би боддог. Техникийн шийдлүүд нь бэлэн байна. Ингэхдээ нэр томьёог нь цэгцлээд, ойлгомжтой болгож, хуучин тогтсон хэллэгийг орчин үеийн ямар нэр томьёонд нийцүүлэх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ бол ганц нэг хүний хийх ажил биш. Тиймээс хиймэл оюун ухаанаар гүйцэтгүүлэх ч боломжтой.
– Та хэдэн жил орчуулгаар ажиллаж байна вэ?
– Гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж байна. Ингэхдээ олон улсын харилцааны мэдээ, нийтлэл их бичсэн. Харин сүүлийн 10 орчим жил уран зохиолын ном орчуулж байгаа. Түүнээс өмнө бол мэдээ, нийтлэл орчуулж байлаа.
“Энэ судар байгаа орон газарт өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн монголчууд дээр үеэс Жадамба судрыг залж байсан уламжлалтай”
Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Төгс баясгалант өлзийхутагийн сайн амгалан арвижих хийдийн хансүр, Адистидийн хур номын өргөөний тэргүүн лам Э.Бат-Оршихоос дээрх судруудын утга учрын талаар зарим зүйлийг тодрууллаа.
– Жадамба, Банзрагч, Сундуй орчуулагч Л.Алтангэрэл орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлжээ. Ийнхүү Монгол хэлээр гарсны ач тус хийгээд орчуулгын онцлогийг хэлж өгнө үү?
– Юуны өмнө “Билэгт гүүш-2021” шагналын дэд байрыг хүртсэн нутгийн эрдэмт орчуулагч ахынхаа цаашдын эрдэм номынх нь их үйлст улам их амжилт хүсье. Эдгээр судар шинэ цагийн монгол хэлнээ хэвлэгдэн гарч байгаа нь үнэхээр цаг үеэ олсон талархууштай зүйл юм. Ер нь бол урьд нь Жадамбын хэд хэдэн орчуулга гарч байсан. Харин Банзрагч, Сундуй хоёрын тухайд хуучин монгол бичгээр байдаг болохоос шинэ үсэгт гарсан нь бараг анхных болов уу гэж бодож байна.
Хамгийн гол нь Л.Алтангэрэл ахын орчуулга бол төвөд оруулгатай тулгаж биш самгард эхээ барьж орчуулснаараа нэлээд онцлогтой. Нэр ус энэ тэрийг бол маш сайн мэргэжлийн өндөр түвшинд галиглан гаргаж байгаагаараа шинэлэг санагдлаа. Эдгээрээс Банзрагч судрыг уншихад тарни ихтэй, төвөдөөр тусгайлан тарни унших аргад суралцаагүй бол зөв уншиж чаддаггүй их хүндрэлтэй юм. Ямар сайндаа “Бардам бандиар Банзрагч уншуул” гэдэг үг гарах вэ дээ. Тэгэхээр энэ номыг зориг гарган орчуулж, олон нийтийг хүртээл болгосон нь үнэхээр бахархууштай.
– Жадамба, Банзрагч Сундуй судруудын утга агуулгын тухай лам хүний хувьд тайлбарлаж өгөөч?
– Жадамба, Банзрагч Сундуй судрууд бол Монголчуудын эртнээс тахиж шүтэж, эрхэмлэж дээдэлж ирсэн хөлгөн судрууд билээ. Жадамба судар Ганжуурын хамгийн эхний боть буюу билиг барамидын аймагт багтдаг Шагжаан чадагч Бурхан багшийн айлдсан хоосон чанарын тухай номлодог монголоор “Найман мянгат” нэрт судар юм. Энэ судар байгаа орон газарт өвчин зовлон, муу зүйлс оршдоггүй хэмээн Монголчууд дээр үеэс Жадамба судрыг гэр орон, сүм хийддээ шүтээн болгож залж байсан уламжлалтай.
Банзрагч судар бол Монголчууд бидний хамгийн сайн мэддэг, хүүхэдтэй айл бүрд хүүхдийн Банзрагч хэмээн залж уншуулж тахин дээдэлж ирсэн номын дэлгэрэнгүй эх зохиол нь юм. Банзрагчийг “5 сахьяа” хэмээн нэрийддэг. Арвис тарнийн хаан таван их бурхны тарни тогтоол бүтээлийн хүчээр өстөн дайсан, хууль цааз, гал, мэс, хорт ундаа, хараал жатга, элдэв бусын өвчин гай түйтгэр биеэс холуур тойрох болно хэмээн эрхэмлэн үр хүүхдээ хамгаалан сахиулж байнга дэргэд нь авч яван дэрэн дээр нь залан, хадгалан, уламжлуулж дамжуулан шүтэж явдаг судар билээ. Энэ таван бурхны арвис тарни дотроос Сосорбарамма бурхны тарниар хүүхэд нялхсыг ширэглэх арга нэлээд их дэлгэрсэн байдаг.
Сундуй судар бол Бурхан багшийн олон сургаал номлолоос гадна бурхны шашны олон урсгалыг үндэслэгч дээдэс мэргэдийн гүн ухаан, засал ерөөл, буян хишгийн, тарнийн 160-аад номыг багтаасан. Тогтоолын хураангуй нэрт их хөлгөн энэ номыг гэр орондоо залж жилдээ нэг уншуулж байхад бүр гэрийн заслын дээд хэмээн монголчууд маань эрхэмлэн шүтэж ирсэн билээ.
“Энэ аугаа судар хойшид шоголд залаатай бус, ширээнд дэлгээтэй байж, монгол хэлний насыг уртасгахад нэмэр болох ерөөл бүрдсэнд олзуурхаж байна”
Эх хэлнээ хөрвүүлэгдсэн Жадамба судрын талаар зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Их хөлгөний оргил судруудын нэг Жадамбыг энэ цагийн монгол хэлнээ орчуулсан энэ нөр бөгөөд бишрэлт ажлыг багын анд минь туулжээ.
Анд минь Жадамба судрыг орчуулахдаа санскрит хэл дээрх эхийг хуучин монгол, түвд орчуулгатай харгалдуулан нягталж, утгын мадгийг англи орчуулгаар давхар шүүн тодруулсан нь мөнхүү номын алдаа эндэгдэл машид бага, хэлж буй санаа тодорхой болгосон байна.
Энэ аугаа судар хойшид шоголд залаатай бус, ширээнд дэлгээтэй байж, монгол хэлний насыг уртасгахад нэмэр болох ерөөл бүрдсэн олзуурхан баясаж байна. Бид биш гэхнээ үр хойчис маань орчлонгийн гүехэн хямд аахар шаахар хүлээснээс ангижирч, монгол түмэн гэгээрсэн үндэстэн болж, хойчийн өдөр билгийн чинад хязгаарт энэ судар орчуулагдсан буусан хэлээд Бурхад хүүрнэлдэн суух болтугай” гэв.
Эх сурвалж: www.ikon.mn
Хариу бичих