ESAN цахим сангийн талаар та юу мэдэх ёстой вэ?

Оюуны бүтээлийг хамгаалах, ашиглахтай холбоотой зохицуулалт дэлхий даяар хурдацтай хөгжиж байна. Шинэ коронавирус дэгдсэнээс хойш дижитал бүтээгдэхүүний хэрэглээ эрс өсөж, үүнийг дагаад оюуны бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах явдал ихэссэн билээ. Энэ чиглэлийн хэрэглээг зохицуулах тухайд юун түрүүнд цахим номын сангийн тухай яригдах учиртай. Иймд бид Монголын томоохон цахим номын сан болох “Esan”-г та бүхэнд танилцуулахаар энэхүү нийтлэлийг бэлдлээ.

“ESAN” ГЭЖ ЮУ ВЭ?

“Степпелинк” компанийн 2014 оноос хөгжүүлж буй “Esan” цахим сан нь одоогоор 210 гаруй ном, 3700 гаруй диплом, эрдмийн 70 гаруй ажил, сонины 20 мянга гаруй дугаар, 150 гаруй сэтгүүл бүхий, мэдээллийн сан юм.

  • 26 мянга гаруй контент бүхий цахим сан
  • Хуулбар шалгуур
  • Ухаалаг хайлт
  • Аудио хөрвүүлэг (AI)
  • Хөрвүүлэх технологи (OCR)

ХЯЛБАР ШИЙДЭЛ

Манай улсын томоохон их, дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн сантай, тодорхой хүрээнд цахимжсан байдаг ч оюутан, судлаачдын хувьд тэр бүрд нэвтэрч, хэрэгтэй мэдээллээ олж авах нь тун ч амаргүй ажил. Ийм ч учраас улсын хэмжээнд хийгдсэн нийт судалгаа шинжилгээний ажлуудыг нэг дороос унших боломж байх нь чухал. Энэ боломжийг “Esan” олгодог. Тус сан судлаач, оюутнуудад зориулсан “Esan Edu”, энгийн хэрэглэгчид зориулсан “Esan” гэсэн хоёр хувилбартай. Энд эрдэм шинжилгээ, дипломын ажлаас гадна тэргүүлэх сонин, сэтгүүлийн архив бий. Бүх төрлийн төхөөрөмжөөс хандан, ухаалаг хайлтын системийн дагуу нарийвчлан хайж хүссэн мэдээллээ олох боломжтой.

Монголд тогтолцооны хязгаарлалтын улмаас мэдээллийн хомсдолтой, ийм байдалтай удсаныг анзаарсан учраас энэ системийг хөгжүүлж эхэлсэн. Хөгжингүй орнуудыг авч үзэхэд, мэдээлэл олж авах, ашиглах чадвар сайжрах хэрээр боловсролын чанар дээшилж, улмаар эдийн засгийн чадавх нь нэмэгдсэн байдаг.

“Степпелинк холдинг” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин

 

ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ

Тус сан мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд дижитал эрхийн менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Adobe DRM, Европын EDRLab-ийн Readium DRM гэсэн хоёр системийг ашигладаг аж. Таних системийн тусламжтайгаар тухайн файлыг эрх бүхий хэрэглэгчид л нээх боломжтой байхаар зохицуулах нь DRM-ийн үүрэг. Зөвшөөрөлгүй хэрэглэгчид нэвтрэхээс сэргийлж шифрлэсэн байх бөгөөд бүтээгдэхүүний эрхийг албан ёсоор авсан хэрэглэгчдэд л идэвхжүүлэх түлхүүр өгөгдөнө. Хэрэглэгчийн эрхийг ганц удаа шалгахаар хязгаарлагдахгүй бөгөөд хэрэглэх явцад нь ч эрх нь хүчинтэй эсэхийг дахин дахин шалгаж байдаг, тогтвортой хяналтын систем юм. Тодорхой сан, системд бүртгэлтэй хэрэглэгчид л нээж чадна, иймдээ ч хяналт чанга байна гэсэн үг. Энэ бол дипломын, судалгааны ажил, оюуны бүтээлийг хулгайлах, зохиогчийн эрхийг зөрчин хэвлэн нийтлэх, дижитал хэлбэрээр олон нийтийн сүлжээнд түгээх зэргээс сэргийлэх арга зам билээ.

“Ийгл ТВ”-ээс энэхүү бичлэгийг нийтлэх зөвшөөрөл авсан болно.

 

ХУУЛБАР ШАЛГУУР

Манай улсын их, дээд сургууль төгсөгчдийн судалгааны ажилд давхардал их байдаг нь нууц биш. Тэгвэл хуулбар шалгуурын систем ашиглан давхардлыг тооцохоор барахгүй өгүүлбэрийн бүтцийг нь танин хуулбарыг илрүүлэн гаргах боломж бий. Олон улсад ийм системийг “plagiarism detection” гэдэг. “Esan”-ийн хуулбар шалгуур нь Шинжлэх ухаан технологийн сан, гадаадын сургалтын платформ, цахим мэдээллийн сан, мэдээ, мэдээллийн вэбсайтуудад хайлт хийн, текст, зураг гэхчлэн давхардсан элементүүдийг гаргаж ирэх юм. Энэ систем өргөн хэрэглээнд нэвтэрснээр төгсөгчдийн судалгаа, сургалтын чанар сайжирч, улмаар оюуны хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх ач холбогдолтой.

 

ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРЭХ НЬ

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн, томоохон сэтгүүлд нийтлэгдэж, судалгааны бүтээлүүдэд эшлэгдсэн тоогоор олон улсад чадвар, чансаагаа үнэлүүлдэг жишиг бий. Сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд нэг санд төвлөрснөөр эшлэлийн тоо, сургуулийн болон багшийн рейтингээр сургалтын чанарыг нь үнэлэх бодит хэмжүүр бий болно гэсэн үг. Цаашлаад монгол эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, сэтгүүлүүд олон улсын магадлан итгэмжлэгдсэн мэдээллийн санд багтах, манай судлаачид тэдгээр сан дахь мэдээллийг хөнгөлөлттэйгөөр ашиглах боломж бүрдэх боломжтой аж.

  • Зохих ёсоор эш татаж, бусдын бүтээлийг үнэлж хүндлэх соёл тогтох
  • Судалгаа шинжилгээний ажлаа эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Мэдлэгээ баялаг болгох

 

“Esan”-ийн гишүүнчлэлийн хураамж хугацаанаасаа хамаараад 10-120 мянган төгрөг аж. Харин “Esan Edu” санд бүртгүүлэх сонирхолтой байгууллагууд цахим тооцоолуур ашиглан хэдэн төгрөг төлөхөө тооцоолон харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Эх сурвалж: unread.today