Монголын Үнэн сонин 100 хувь цахимжлаа

“Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурал, “Монголын үнэн”-Нэгэн зууны товчоон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнгөрөгч Баасан гарагт боллоо.

Нэгэн зууныг дамнан өртөөлж, хоёр нийгмийг түүчээлэн буй Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхдагч тус сонин Монгол Улсын мэргэжлийн сэтгүүлзүйн үндэс суурь нь болсон бөгөөд олон нийт, ард иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд тасралтгүй зуун жил зүтгэсэн түүхтэйг мэдэхгүй хүн ховор биз ээ.

“Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурлыг “Монголын үнэн” сонин, ШУА-ийн Философийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд уг хуралд

-Нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчлэхэд “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг

-Нийтлэл зүйн бичлэгийн төрөл, зүйлийг хөгжүүлэх, чөлөөт сэтгэлгээг Монголд дэлгэрүүлэхэд “Үнэн” сонины уран бүтээлчдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр

– “Үнэн” сонины нэгэн улирлын дугаарын тухай

– Монголын ууган хэвлэлийн  үүсэл, хөгжлийн түүхэн онцлог

– Шилжилтийн үед “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг

– “Үнэн” сонины дизайны түүхэн хувьсал хөгжил

– XXI зууны улс төр дэх уламжлалт ба шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө

– Сонины цаасан архивыг цахимжуулсан туршлага, “Монголын үнэн” сонины жишээн дээр зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

Мөн “Монголын үнэн”-Нэгэн зууны товчоон гэрэл зургийн үзэсгэлэнд тус сонины анхны дугааруудаас эхлээд үе үеийн онцлох дугаарууд, ховор сонин гэрэл зургууд, эд өлгийн зүйлс сэлтийг дэлгэн үзүүлжээ.

Үндэсний мэдлэгийн цахим сан “Esan”, “Монголын Үнэн” сонин хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус сонины 100 жилийн түүхийг цахимжуулах ажлыг амжилттай гүйцэтгэж албан ёсоор өнгөрөгч Баасан гараг буюу 11-р сарын 6-ны өдөр хүлээлгэж өгсөн нь бидний хувьд хариуцлагатай бөгөөд нэр төрийн хэрэг байлаа.

Хэвлэлийн архивыг цахим сан болгон олон нийтэд түгээн дэлгэрүүлж, хойч үедээ үлдээх нь бидний ажлын гол зорилго байсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашигласан гэдгээрээ онцлог юм.

“Esan” төслийн контентийн төв “Монголын Үнэн” сонины 20 мянган дугаарын 120 мянган нүүрийг 3 сарын хугацаанд нийт 8,448 хүн цаг ажиллан цахимжуулсан билээ.

Энэ ажлын үр дүнд ESAN.mn сайтын сан хөмрөгт байгаа мянга мянган бүтээлтэй нэгэн ижил “Монголын Үнэн” сонины цахимжсан дугааруудаас нарийвчилсан хайлт хийх, эш татах зэрэг олон боломж бүрдэж байгаа юм.