Номын баярын өдрүүдээр ESAN-гийн асраар зочилж, тоон эриний уншигч болохыг урьж байна.

29 дэх удаагийн Үндэсний их номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

Номд дурлагсдын хүсэн хүлээдэг тус өдөрлөгт оролцож буй газруудын асрууд өөрсдийн онцлогийг харуулан сүндэрлэжээ.

Тухайлбал, талбайн зүүн талд байршсан өвөрмөц шийдэл бүхий асар нүдэнд туссан нь Үндэсний цахим сан болох ESAN-гийнх /№ 51, 52/ байв.

Еsan платформ нь монгол Улсад хэвлэгдэн гарсан бүхий л цаасан бүтээлийг esan.mn болон ESAN аппликейшнээр дамжуулан цахим хэлбэрээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монголын анхны бөгөөд хамгийн том цахим сан юм.

Тус сангийн хамт олны зүгээс энэ жилийн номын баярт “Цаасны хэрэглээг багасгаж эх дэлхийгээ хайрлан оюуны өмчийг хамгаална” гэсэн уриатайгаар оролцож байгаа аж. Үүнийхээ хүрээнд цахим сангийн танилцуулгаа уншигчдад QR код ашиглан цахимаар тарааж буй нь онцлог санагдав.

Монгол инженерүүд ур ухаанаа гарган 2014 оноос хойш амжилттай хөгжүүлсэн цахим сангаар дамжуулан уншигчид цаасан бүтээлийг орон зай, цаг хугацааг үл хамааран хүлээн авч ашиглах, нөгөө талаас өөрийн ном, зохиол, бүтээлээ санд байршуулж оюуны өмчийн эрхийн хүрээнд олон нийтэд хүргэх боломжтой болсон билээ.

Дэлхийд жилд дунджаар 15 гаруй тэрбум  мод тайрагддагаас 6 гаруй тэрбум буюу 40% хувийг нь зөвхөн цаасны хэрэглээнд зориулдаг байна.

ESAN-д нийт 26 мянга гаруй бүтээл бий. Мөн өнгөрсөн жил “Үнэн сонин”-ы 100 жилийн ойд зориулан бүх дугаарыг нь цахимжуулж өгснөөр уншигчдад хүссэн мэдээллээ дурын он, сар, өдрөө оруулан архиваас авах боломжийг олгожээ.

Түүнчлэн зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд ESAN-гийн хэрэглэгч болсон тохиолдолд номын баярт зориулсан тусгай урамшуулалд хамрагдах боломжийг олгож буй аж. Тодруулбал, нэг сарын үнэгүй унших эрх, 10 мянган пойнт бэлэглэх юм байна.

 

“ESAN-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ШАЛТГААН НЬ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ЯВДАЛ ЮМ”

“Степпе Линк Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ESAN төслийн үүсгэн байгуулагч Ц.Мөнхтүвшин “

Цахим сангийн хөгжүүлэлт долоо дахь жилдээ явж байгаа ба энэ жилээс боловсролын салбарт чиглэсэн ESAN Edu платформыг хөгжүүлж байна. ESAN-г үүсгэн байгуулсан шалтгаан нь боловсролын чанарыг сайжруулахад нөлөөлөх явдал юм. Системийн хувьд,

  1. Хиймэл оюун. Хиймэл оюун ашиглан хэвлэмэл бүтээлийг дижитал буюу цахим хэлбэрт хөрвүүлж, алдааг засах программ
  2. Хуулбар шалгуур. Харьцуулж, давхардлыг тооцон, үнэлгээ өгнө
  3. Хөрвүүлэх технологи (OCR). Хэвлэмэл бүтээлийг цахим хувилбарт шилжүүлж, хуучны бүтээлүүдийг элэгдэж устахаас хамгаална.
  4. Ухаалаг систем. Хиймэл оюун нь таны хайлтын үр дүнг тооцоолж, ижил төстэй бүтээлүүдийг санал болгоно.
  5. Эш татах. Нэгдсэн санд бүргэлтэй эх сурвалжаас эшлэл хийх, эш татах соёлыг төлөвшүүлэх, бүтээлийн чанарыг сайжруулах боломж
  6. Ухаалаг хайлт. Хэрэглэгчийн хайсан мэдээллийг илүү оновчтой, нарийвчилсан хэлбэрээр гаргана. Систем нь бүтээлийн бүх агуулгаас хайх боломжтой” гэв.

ESAN Edu нь Монголын боловсролын салбарын шинэчлэлд суурь болох чухал платформ юм. Үүний хүрээнд их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд цаашид ч сургуулиудын тоо нь нэмэгдэхээр ажиллаж байгаа аж.

 

“ЦАГ ҮЕТЭЙГЭЭ НИЙЛСЭН ЦАХИМ САН БИЙ БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА”

ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахмад багш, профессор доктор зохиолч О.Балдангомбо 

“Номын баяр эхэлж байгаа нь сайхан цаг ойртсоны дохио гэж бодож байна. Би хуьдаа энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох болсондоо баяртай байна. ESAN-гийн хамт олон өнгөрсөн гуравдугаар сард надад хамтран ажиллах санал тавихад миний зүгээс таатай хүлээж авсан. Учир нь өнөө цаг бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үе буюу тоон эринд шилжиж буй үе юм. Иймээс би өөрт хадгалагдаж байсан судалгаа эрдэм шинжилгээний өгүүллүүдээ үндэсний цахим сан болох ESAN-д оруулсан. Мэдээлэл технологийн салбар өнөөдөр бүх салбарт нэвтэрсэн. Эрин цаг үетэйгээ нийлсэн цахим сан бий болсонд үнэхээр баяртай байгаагаа дахин хэлье” хэмээн өдөрлөгт оролцож буй сэтгэгдлээсээ хуваалцлаа.