Эрдэмтэд бүтээлээ санд байршуулаад ашиг олж болох нь

Монголын их, дээд сургуулиудын боловсролын чанарыг дээшлүүлэх, хүн амыг тэгш, хүртээмжтэй мэдээллээр хангах, харьяалал, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч тасралтгүй суралцах боломжоор хангах, оюуны бүтээлийг хуулбарлахыг таслан зогсоох зорилгоор хэрэгжүүлж буй ESAN төслийг өчигдөр танилцууллаа.

Энэ үеэр номын санг цахим хэлбэрт шилжүүлэхийн ач холбогдол, тулгарч буй сорилт, цаашдын төлөвийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүнчлэн төслийн хүрээнд бүтээсэн ном, сурах бичиг, сонин, сэтгүүл, салбар бүрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, диплом, диссертацыг нэг дор төвлөрүүлсэн ESAN цахим номын сангийн нээлт болов. Уг платформыг ямар ч цахим төхөөрөмжөөс ашиглах боломжтой бөгөөд сонирхсон мэдээллийг гарчиг, зохиогчийн нэрээр хайхаас гадна түлхүүр үгээр олж болохоороо онцлог гэв.

Уран бүтээлч, нийтлэлч, эрдмийн зэрэг хамгаалсан хэн бүхэн өөрийн бүтээлийг тодорхой үнээр тус санд байршуулан, хандалт, эшлэл авахын хэрээр орлого олох боломжтой аж. Түүнчлэн манай улсын шинжлэх ухааны салбар бүрт эрдмийн зэрэг горилох, ахиулах шинэ бүтээл нь бусдынхтай давхцаагүй, шууд болон дам байдлаар санаа аваагүй байх шалгуурыг хангуулахад дээрх платформ чухал нөлөөтэй гэнэ.

Учир нь тус энэ технологийн тусламжтай хуулбар хайх буюу тухайн бүтээл ямар нэг байдлаар оюуны өмчийг хамгаалах хууль зөрчсөн, эсэхийг илрүүлж болох гэнэ. Одоогоор ESAN-д цөөнгүй ном, сурах бичиг, 300 орчим эрдмийн бүтээл бий. Төслийг “Steppe link” компани санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд долоон жилийн судалгаа, шинжилгээндээ үндэслэн инженер техникийн ажилтан, зохиолч, эрдэмтдийн хамтаар ESAN-г бүтээжээ.

Эх сурвалж: unuudur.mn