Үндэсний цахим номын сан ESAN оюуны өмчийн үйлчилгээ үзүүлэгчийн гэрчилгээгээ өнгөрсөн сард гардан авсан юм.
Ингэснээр хэрэглэгч, харилцагч нартаа ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон талаар ESAN төслийн зөвлөх, доктор, дэд профессор Э.Болормаатай ярилцлаа.
– Танай хамт олон оюуны өмчийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ өнгөрсөн сард гардан авсан. Ингэснээр Монголд нэгэн шинэ төрлийн үйлчилгээ бий болж байна уу гэж ойлгосон. Та бидэнд энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
– ESAN-гийн хамт олон бол салбартаа мэргэшсэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор оюуны бүтээлийг цахимд шилжүүлж, эргэлтэд оруулах, олон нийтэд хүргэх, сан үүсгэн урт хугацаанд хадгалах үйлчилгээг үзүүлж байгаа гэж ерөнхийд нь ойлгож болно.
Гэхдээ ингэснээрээ хүмүүсийн оюуны бүтээлийг өөрсдийн болгон авдаг гэсэн үг огт биш. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг. Аль ч байгууллагын болон эрдэмтний бүтээлийг өөрсдөдөө авахгүй.
Оюуны өмчийн зуучлагч болохынхоо хувьд бид зөвхөн тухайн байгууллагын цахим санг мэргэжлийн багаараа дамжуулан хөгжүүлж өгөх юм. Жишээлбэл, хамтран ажилладаг сургуулийнхаа сайтаар нэвтэрч, эрдэмтэн багш нарын бүтээлийг цахимжуулан, хүртээмжийг нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг нь хангана. Мөн байгууллагынх нь зөвшөөрөлгүйгээр санд нь нэвтэрч орохгүй.
Өөрөөр хэлбэл, байгууллагад хадгалагдаж буй асар их мэдээллийг цахимжуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь ихээхэн цаг хугацаа, технологи, төсөв мөнгө шаардсан ажил байдаг бол мэргэжлийн багаар хийлгэснээр илүү найдвартай, хугацаа, мөнгө хэмнэх боломжтой.
– Хүртээмжийг нэмэгдүүлэх нь зах зээлийн эргэлтэд оруулна гэсэн үг байх. Энэ нь танай хамт олны бас нэгэн том зорилго байдаг?
– Тийм. Таны оюуны бүтээлийг бид хамгаалан, хадгалж, олон нийтэд хүргэснээр ашиг хүртээнэ. Мөн эрдэмтдийн бүтээлийг өндөр технологиороо дамжуулж, гадаад зах зээлд гаргаж өгөх гэж байгаа. Манай санд байрласнаар АНУ, ОХУ-ын номын сангуудад сууж буй уншигч түлхүүр үгээрээ хайхад манай эрдэмтдийн бүтээлийг олох боломжтой болж байна.
– Сүүлийн үед бүтээлийг цахимд, сонсох хэлбэрт гээд олон төрлөөр хувиргах үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий болсон. Та бүхний бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
– Бүхнийг цогцоор нь шийдэхийг эрхэмлэдэг. Санд байршиж буй цахим бүтээлүүд ердийн нэг pdf файл бус чанарын өндөр түвшинд хувиргасан байдаг. Мөн хуулбар шалгаж, аудио хэлбэрээр нь сонсож болохоороо давуу талтай. Үүний зэрэгцээ эхийг кириллээс уйгуржин, уйгуржингаас кирилл рүү хөрвүүлэх ч боломж бий.
Бидний үйл ажиллагааны үр ашгийн нэг нь монгол хүний оюуны үнэлэмжийг дээшлүүлэхээс гадна насан туршийн боловсролд нь хөрөнгө оруулж буй явдал.
Сүүлийн үед багш, суралцагчдын ёс зүйн асуудал их яригдах болсон. Энэ нь эцэстээ хүмүүжил, эрдэм мэдлэгтэй холбоотой. Хүн тасралтгүй сурч боловсорч, уншиж мэдэн, олон талбарт мэдлэгээ тэлэхийн хэрээр ухамсар дээшилж, зан харилцаа, хандлага, нийгмийн ёс зүй, хэм хэмжээг эрхэмлэдэг болдог.
– Танай үйлчилгээг их, дээд сургууль, боловсролын байгууллагууд ашиглах нь илүү оновчтой шиг санагдсан?
– Манайхтай хамтарч ажиллах сургуулийн тоо нэмэгдсээр байгаа. Ялангуяа хувийн хэвшлийн сургуулиуд идэвхтэй гэрээ хийсээр байна. Харин төрийн хэвшил шат шатандаа шийдвэрээ хүлээж байгаа. Гэрээ хийсэн сургуулиуд орлого олж эхэлсэн таатай мэдээ бий.
Боловсролын байгууллагууд ашгийн төлөө бус тул хөрөнгө мөнгө багатай, технологийн шийдлээс хоцрох тал бий. Мөн мэдээллийн технологийн салбарын мэргэжилтний хүрэлцээ ч тааруу байгаа нь нууц биш. Иймд бид тэднийг дэмжихийн тулд хамтран ажиллахыг уриалж байгаа юм.
Манай эрдэмтэн, багш нар олон сайн бүтээл гаргасан байдаг. Оюуны бүтээл бол хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон нийтэд мэдлэг түгээхийн сацуу тухайн зохиогчоо нийгэмд таниулж байдаг. Гэтэл тэрхүү үнэт бүтээл зөвхөн сургуулийнх нь номын санд л байгаад байж болохгүй. Аль болох олон хүн шимтэн судлах ёстой шүү дээ. Тэгж байж бүтээлийн үр шим гарна.
Хэрэглэгч нарт ч цахим номын сан олон боломжийг олгодог. Оюутнууд нэг ном авахаас ч бага мөнгөөр бүртгүүлээд сургуулийнхаа номын санг жилийн хугацаанд хүссэн газраасаа интернэтэд холбогдон ашиглах боломжтой. Мөн түлхүүр үгээрээ өргөн хүрээнд хайлт хийх ч эрх нь нээлттэй байдаг.
– Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.
Эх сурвалж: ikon.mn
Хариу бичих