411-р ангийн харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад иж бүрэн компьютер, ном, сурах бичиг хандивлалаа

“Б.Билгүүнзул” сан нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад аюулгүй өсөж торних, сурч боловсрох тав тухтай орчинг бүрдүүлж, тэдний нийгэмд эзлэх тэгш эрх, байр суурийг тавьж, тэднийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжих зорилгоор 2020 онд байгуулагдсан билээ.

Тус сангийн тэргүүн бөгөөд ESAN Үндэсний мэдлэгийн сангийн үүсгэн байгуулагч Ц.Мөнхтүвшин нийгмийн сайн сайханд чиглэсэн арга хэмжээнийхээ хүрээнд Хүүхдийн 411-р хорих ангийн Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаар зочлон, хурандаа Б.Тамир болон хамт олонтой уулзалт зохион байгуулж, хүүхдүүдийн цаашдын боловсрол, хүмүүжил, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах талаар ярьж хэлэлцэн, 10 ширхэг иж бүрэн компьютер, 100 ширхэг ном, сурах бичиг, сонгодог уран зохиолуудыг хандивлалаа.

Үүний зэрэгцээ ESAN Үндэсний мэдлэгийн сан буюу 25 мянга гаруй ном, сонин, сэтгүүлийн нэгдсэн цахим сандаа нэвтрэх тусгай эрхийг олголоо. 

Энэхүү сан нь тус санд байршсан контентуудыг уншиж судлахын зэрэгцээ аудиогоор сонсох боломж олгодог нь хараахан бичиг, үсэг сураагүй хүүхдүүдэд ч ном, уран зохиолд шимтэх сонирхол төрүүлж, урам өгдөг тул Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагынхан талархан хүлээн авсан юм.

Хүүхэд бүр сурч боловсорч, эрдэм мэдлэгийн үр шимийг хүртэх эрхтэй. Энэ удаа “Б.Билгүүнзул” сангийн хамт олон хүүхэд, багачуудынхаа мэдлэгт ийнхүү хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд нь өнгө нэмлээ.

Б.Билгүүнзул сангийн хамт олон цаашид ч нийгэм, олон нийтэд тустай ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг өргөн хүрээтэй хэрэгжүүлнэ гэдгээ энэ үеэр Сангийн тэргүүн онцолсон юм.

Хүүхэд бүр сурч, боловсорч, ирээдүйдээ итгэл дүүрэн алхахад зохих хувь нэмрээ оруулсандаа тус сангийн хамт олон сэтгэл хангалуун байна.

Эх сурвалж: ikon.mn