“Монгол Улсын дээд боловсролын чанар дэлхийд чансаагаараа 63-т явж байна. Урагшлах уу эсвэл ухрах уу” хэмээх асуултаар шинэ үеийн цахим номын сан болон ESAN-гийн үүсгэн байгуулагч Ц.Мөнхтүшиг хэлэх үгээ эхлэв.
Тэрээр цааш нь 100 жилийн ойгоо хийж буй ӨАБНУ-ын нэгэн их сургуулийн үүдэнд “Ямар ч улс үндэстний усгахад атомын бөмбөг, холын тусгалтай пуужин хэрэггүй. Ердөө л боловсролын чанарыг муутгаж, сурагчид шалгалтан дээрээ хуулахыг зөшөөрөхөд л хангалттай. Учир нь тэгж төгссөн эмчээс болж өвчтөн үхэж, тэгж төгссөн инженерүүдээс бол барилга байшин нурж, тэгж төгссөн эдийн засагч нараас болж улс орон мөнгөө алдаж, тэгж төгссөн хуульч, шүүгч нараасаа болж шударга ёс алдагдана. Боловсролын сүйрэл бол үндэстний сүйрэл” хэмээн бичсэн байдгийг хэлж, ESAN-г байгуулсан түүхээсээ хуваалцсан юм.
Монгол Улсад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85.6 хувь нь их дээд сургуульд элсэж буй нь дэлхийд өндөр үзүүлэлт аж. Гэвч 2018 оны Өрсөлдөх чадварын судалгаа гаргахад манай улс 63 орноос 62 т оржээ. Тэргүүлж буй улс орнуудын жишгээс харахад боловсролын салбартаа нээлттэй, уян хатан, хүртээмжтэй болгох бодлого барьдаг байна. Тухайлбал, MIT-гийн онлайн хичээлүүд хамгийн их хандалттай байдаг бол Стэнфордын их сургуулиас гаргадаг хүний хөгжлийн лекцүүд сайтандаа тавигдаж нийтэд хүрдэг байна. Тиймээс хэсэг залуус нэгдэн дээд боловсролын чанарыг дээшлүүлэх маш том амбицтай төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь ESAN.
Гурван жилийн хугацаанд 48000 мөр код бичиж, бүтэлгүйтэж, сайжруулсаар ESAN гэх шинэ үеийн номын сан нээлтээ хийлээ.”Степпе Линк” ХХК-аас “ ESAN” төсөл-цахим номын санг танилцуулав.
Манай улсын хувьд 27 их, дээд сургууль 1 сая гаруй ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний ажлуудаа цахимд шилүүлжээ. Гэвч техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, ажиллах хүч зэргээс хамаарч тухайн сургуулийнхаа хүрээнд явагддаг бол ESAN-д нэгдэж, оюутнуудад сурахад таатай нөхцлийг бүрдүүлэх нь.
ESAN-г бүтээх явцдаа гурван зүйлийг эрхэм зорилгоо болгожээ,
-Мэдээлэл мэдлэгийг тэгш хүртээмтэй болгох: Хэн ч хүссэн мэдээллээ байгаа газраасаа, өөрийн техник тоног төхөөрөмжид тулгуурлан авах боломжийг бүрдүүлэхийн тулд ажилласан учраас ESAN бүх үйлдлийн систем дээр ажиллах чадвартай байдлаар бүтээгджээ. Нэгдсэн санг байгуулахдаа мэдээллийг бат найдвартай хүргэх үүднээс Дархан-Уул аймаг, Өмнөговь аймаг, АНУ-ын Амозонд сервирээ байгуулжээ. 2019 онд дөрөв, тав дахь сервирээ байгуулна гэдгээ хэлэв. Мөн хайлтын системийг боловсронгуй болгожээ. Нэрээр, зохиогчийн нэрээр, огноор эх сурвалжаас гадна тухайн бүтээлийн доторх агуулгаас хайлт хийх боломжтой бүтээжээ. Ингэснээр аль ч сургуулийн ямар ч оюутан Монгол Улсын хаанаас ч хүссэн мэдээллээ авч, ашиглах боломж бүрдэж байгаа аж.
-Боловсролын чанарыг дээшлүүлэх: Судалгааны бүтээлдээ олон эх сурвалжаас ишлэл авах нөхцлийг бүрдүүлжээ. Ингэснээр тухайн ишлэл авсан бүтээлийн үнэ цэнэ өсч, эрдмийн ажлууд хуулбарлагдах нөхцөлгүй болно хэмээн хэлэв. Олон улсад судалгааны бүтээлдээ ямар эх сурвалжаас иш татсан байна вэ гэдгээс тухайн судалгааны бүтээлийн үнэ цэнэ нэмэгддэг байна.
-Оюуны баялагийг олны хүртээл болгох: Таны таньдаг хүн чинь ямар бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан, ямар хэрэгцээтэйг та мэдэх үү. Цаг, мэдлэг, судалгаа зарцуулан бүтээсэн судалгааны бүтээл тань хаа нэг газар тоосонд дарагдаад хэвтэж байгаа юм биш биз. Тэгвэл түүнийгээ ESAN-д байршуулснаар ишлэл татагдах, худалдагдах боломж бүрдэх төдийгүй хэр олон удаа ишлэл татагдсан байдлаасаа үүдэн үнэлэгдэх боломж бүрдэж байна.
Б.Эрдэнэсүрэн: Зохиогчийн эрх, багшийн нэр хүндийг ESAN хамгаална гэж бодож байна
Монголын хувийн их дээд сургуулийн холбооны ерөнхийлөгч, Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургуулийн захирал доктор, профессор
-Энэхүү төслийг санаачилж, эхлүүлж байгаа багт Монголын хувийн их, дээд сургуулийн холбооны нэрийн өмнөөс талархаж байна. Бид их дээд боловсролын чанарыг урагшлуулахын төлөө ажиллаж байна. Үүний тулд маш олон асуудлыг шийдвэрлэх ёстой. Бидний тавьж буй зорилтод маш том хүчээр түлхэц үзүүлэх төслийн нээлт өнөөдөр болж байна. Их, дээд сургууль маш их мэдлэг үйлдвэрлэгч. Үүний түүхий эд болох мэдээлэл бидэнд байна. Үүнийг бүтээгдэхүүн болгох төсөл хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна.
Сургууль бүрт асуудал бий. Гэхдээ нэг түгээмэл асуудал бол мэдээлэл сургууль бүрт нэг жижиг жижиг уут, санд орчихоод байна. Үүнийг авч ашиглах нь маш их хүндрэлтэй. Тухайлбал манай сургуулийн номын санд ганцхан байгаа мэдээллийг бусад сургуулийн оюутан хэрэглэх боломжгүй. Оюутнууд нь ашиглах болоход номын сангаасаа католог эргүүлж, олох зэргээс эхлээд тулгамдсан асуудалд хариулт өгсөн төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
Нөгөө талаас багш нар өөрийн бүтээлээ ном болгож хэвлүүлээд оюутанд ном шахсан хэрэгт унадаг. Зохиогчийн эрх, багшийн нэр хүндийг ESAN хамгаална гэж бодож байна.
М.Даваасүрэн: Монгол Улсад зайлшгүй хэрэгжүүлж, цогцоор нь шийдэх асуудал бол цахим номын сан
Монголын үндэсний номын сангийн Гадаад харилцаа, маркетингийн албаны дарга, Австрали улсад номын сангийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан
-Монгол Улсад зайлшгүй хэрэгжүүлж, цогцоор нь шийдэх асуудал бол цахим номын сан. Үндэсний номын сангийн тэргүүн зорилтуудын нэг бол сан хөмрөгөө цахимжуулах, уншигчдаа цахим материалаар хангах. Манай дээр АСЕТ гэж төсөл хэрэгжиж байна. Азийн сонгодог зохиолуудыг электрон каталогт оруулах энэхүү төсөл 1999 оноос хэрэгжиж эхэлсэн. 20 гаруй жил хэрэгжиж байгаа ч нийт цахимжуулах бүтээлүүдийн 20 хувь буюу 200 мянга гаруй бүтээлийг л цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит цахим уншлагын танхим гэж байдаг. Гэхдээ тэнд байгаа бүтээлүүдийг танхимаар уншуулдаг. Нийтэд нээлттэй бус. Манай номын сангийн хувьд цахим номын сантай холбоотой эдгээр ажлууд л хийгдэж байгаа.
Номын санг цахимжуулах нь дэлхий нийтийн асуудал болж байна. Манай нийт сан хөмрөгийг цахимжуулна гэвэл ажиллах хүчний нөөц дутагдалтай, хэдийгээр техник тоног төхөөрөмжийн хувьд хангалттай ч нэгдсэн сан үүсээгүй байна.
Тэргүүнцэцэг: Танихгүй багшийн судалгааны ажлыг олж үзнэ гэдэг амаргүй
“Орхон” их сургуулийн багш
-Манай сургуулийн хувьд багш нарын бүтээл, оюутнуудын судалгааны ажлыг цахимжуулсан. 33 мянган ном, бүтээлийг цахимжуулсан сан байгаа. Гэвч үүнийг сургуулийнхаа хүрээнд хэрэглэдэг. Өөр өөр сургуулийн багш нар бие биенээ таньдаг бол бүтээлээ майлээр авах зэргээр солилцож үзэж хардаг. Түүнээс дуртай хэн нэгний судалгааны ажлыг олоод үзнэ гэдэг амаргүй. ESAN энэ байдлыг хөнгөвчлөх, нээлттэй чухал хэрэгцээтэй төсөл болж байна.
Эх сурвалж: https://newspress.mn/v1/p/news/7134
Хариу бичих