Шинжлэх ухаан – 100 үзэсгэлэнгийн үеэр ESAN системийг танилцуулав

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Монгол Улсад шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйгаараа онцлог гэдгийг Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл “Шинжлэх ухаан-100” виртуал үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцолж байв.

“УИХ, Засгийн газраас шинжлэх ухааны салбартай холбоотой бодлогын томоохон шийдвэрүүд гарч байна”

Түүнчлэн тэрбээр “Төр засгийн зүгээс шинжлэх ухаан технологийн салбарт хандуулах анхаарал нэмэгдэж, УИХ, Засгийн газрын зүгээс бодлогын томоохон шийдвэрүүд гарч байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас есдүгээр сард 329 дүгээр тогтоол гаргасан нь шинжлэх ухааны салбарын менежментийг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан санхүүгийн системийг бий нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинээр байгуулах гэх мэт нэлээд том бодлогын шийдвэр гарсан. 

Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн тохиолдуулан салбарынхан менежментийг шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдэг дээр анхаарч үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөний үеэр өнөөгийн байдал, цаашдын хандлага, технологийн дэвшилтэй хэрхэн хөл нийлүүлж алхах вэ, хувийн хэвшлийн оролцоог шинжлэх ухааны салбарт хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан AI технологи ашигласан бүтээсэн “Шинжлэх ухаан-100″ виртуал музей, шинжлэх ухааны түүхийн 5 боть,сор дээж бүтээлүүдээс толилуулсан үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн үеэр 40 гаруй байгууллагын бүтээл, түүхэн дурсгалт эд зүйлсийг танилцуулсан” хэмээн ярилаа. 

“Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, хөгжүүлэлтийг олон улсын жишигт хүргэхэд ESAN системийг ашиглах боломжтой”

Үзэсгэлэнгийн үеэр Степпе Линк Холдинг ХХК-иас шинжлэх ухаан, боловсролын салбарын багш, судлаачдын бүтээлүүдийг хүртээмжтэй болгох, оюуны өмчийг хамгаалах зорилготой ESAN системийг танилцуулсан юм. 

Тус системийн хөгжүүлэлтийг хийхдээ дэлхийн хамгийн том буюу Европын холбооны DRM/Digital rights management/-г ашиглан контентын оюуны өмчийг хамгаалж байгаа аж. Дэлхийн нэр хүндтэй олон сургуульд ашигладаг энэ систем контент оюуны өмчийн хулгайд өртөхөөс сэргийлдэг.

Манай улсын эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, эшлэл авсан үзүүлэлтээр Азидаа 19, 20 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь сайн үзүүлэлт гэдгийг Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл хэлж байв. Тэгвэл судлаачдын бүтээлийн нэгдсэн цахим санг бий болгосноор эрдмийн ажил, оюуны бүтээлийн үнэлэмж нэмэгдэн, инновац технологид тулгуурласан бизнесүүд хөгжих боломж бүрдэж байгааг ESAN төслийн зөвлөх, Доктор, дэд профессор Э.Болормаа ярьсан юм. 

ESAN ХХК хиймэл оюун ухаанд суурилан ESAN, ESAN Edu, CONTENT CENTER платформуудыг хөгжүүлж байгаа. CONTENT CENTER платформ дээр хийгдэж буй цахимжуулалтын ажлын хувьд хэвлэмэл бичвэрийг крилл, уйгаржин бичгээс цахим руу шилжүүлэх боломжтой. Цаасан хэлбэрээр байгаа материалыг скайнардаад оруулахыг цахимжуулах гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд тект хувилбарыг тэмдэг таних программ ашиглан үг, өгүүлбэр цаашилбал гадаад хэлнээс орчуулсан хувилбарын хуулбарыг хүртэл шалгах боломжтойгоороо шинэлэг технологи юм. 

ESAN системийн талаар доктор Э.Болормаа “Хиймэл оюун ухааны технологийг ашиглан монгол эрдэмтдийн олон тооны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, хөгжүүлэлтийг/R&D/ олон улсын жишигт хүргэхэд ESAN системийг ашиглах бүрэн боломжтой. Эрдэм шинжилгээний өгүүллүүдийг цахим санд төвлөрүүлснээр цөөн тооны салбарын хүмүүсээр хязгаарлагдахгүй бизнес,  аж үйлдвэр, төрийн байгууллагууд цаашилбал хувь иргэнд ч нээлттэй платформыг бий болгож байна. Ийнхүү судалгааны ажлууд зах зээлийн жамаар хөгжиж, чанар чансаа нь нэмэгдэн улмаар эрдэмтдийн бүтээл гадаадад ч үнэлэгдэх боломж бүрдэх юм. 

ESAN системд бүх төрлийн ном, сурах бичиг хэвлэмэл материалуудаас гадна их, дээд сургууль хүрээлэнгүүдийн бүтээл болох эрдмийн ажлууд орж ирснээр гол дата бааз бүрдэнэ гэж харж байгаа. Дата бааз үүссэнээр салбарын хөгжилд цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн ажил болно. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ашигладаг энэ систем контентын оюуны өмчийг хамгаалахад чухал үүрэгтэй. 

Анагаах, химийн шинжлэх ухаан хөгжилтэй улс орнуудын хувьд тэргүүлэх чиглэлүүдийн нэг байдаг. Гэтэл манай улсад олон улсын жишгийн R&D байхгүй. Манайд маш олон судалгаа байгаа ч давхцал байна уу, үгүй юу гэдэг дээр ESAN системийн баазыг ашиглаж болох юм. Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт л гэхэд өвчтөнүүдийн мэдээллийг эмнэлэг хооронд тодорхой нууцлалын шаардлагыг ханган чөлөөтэй солилцох, шинжилгээний хариу CT, MRI зургуудын санг үүсгэн хадгалж AI технологи ашиглан оношийг батлах, үнэн зөвийн магадлалыг нэмэгдүүлэх зэрэг хязгааргүй боломжууд бий болж байна” хэмээн ярилаа. 

Шинжлэх ухаан, технологийн сангийн хувьд эрдэм шинжилгээний бүтээлүүдийн тайланг итгэмжлэн хадгалах үүргийг гүйцэтгэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 5,800 орчим докторын десертаци, эрдэмтдийн бүтээл, 1993 оноош хойших  4,200 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, 18,000 орчим шинэ бүтээл, оновчтой саналын талаарх мэдээлэл хадгалагдаж байгаа аж. 

“Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс 4,200 гаруйг нь нээлттэй байршуулсан. Цаашид их дээд сургууль, сангууд дээрх мэдээллүүдийг нэгтгэсэн цахим сан бий болгоход ESAN системийн хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах боломжтой гэж харж байгаа” гэдгээ хэлж байв. 

Эх сурвалж: www.ikon.mn