E-SAN: Эдийн засаг, шинжлэх ухаан хоёрын уулзах цэг

Мэдээллийн технологийн хувьслын нөлөөгөөр бидний амьдрах, суралцах, ажиллах хэв маяг урьдынх шигээ байхаа больсон. Энэ дундаас хамгийн их хувьсан өөрчлөгдөж байгаа салбаруудын нэг нь боловсрол юм.

Ном, сурах бичиг, судалгааны ажлууд нь хүний оюуны хамгийн баялаг сан хэвээр байгаа ч хүртээмжтэй байж чадахгүй байна. Нийтийн номын сангууд, их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын номын сан хязгаарлагдмал хүрээний хэрэглэгчдэд л хүрдэг. Өөрөөр хэлбэл, номын сангууд мэдлэгийг хадгалж хамгаалах үүргээ гүйцэтгэж байгаа ч мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, тэгш хүртээмжтэй боловсрол олгох үүргээ хангалттай гүйцэтгэх боломжгүй байдалд орсон.

Тиймээс хэл яриа бичиг үсэгт, бичиг үсэг номын хавтсанд шилжсэнтэй адил номын сангууд ч ухаалаг утас, компьютерын дэлгэц рүү “нүүж”, орчин үеийн уншигчид, судлаачид, багш нарын мэдлэг “олборлох” аргад нийцэх хэрэгтэй болж байна.

Энэ том хэрэгцээн дээр үүсч буй боловсрол, шинжлэх ухааны салбарын технологийн нэгэн сонирхолтой шийдэл нь “ESAN” төсөл юм.

ESAN: PDF-ээс цааш

Эдүгээ Монголын 27 их дээд, сургуулийн нэг сая ном, сэтгүүл, судалгааны ажил онлайн хэлбэрт шилжсэн. Гэвч хүний нөөц, технологи, тоног төхөөрөмжийн хүрэлцээнээс болж цахим системд шилжих ажил жинхэнэ үр дүнгээ өгөхгүй байгаа. Энэ нь зөвхөн техникийн шалтгаантай бус боловсрол, шинжлэх ухааны салбарт “дижитал шилжилт”-ийг ойлгох хандлагын шалтгаан ч бий. Тухайлбал, цахимжуулсан гэдгийг скайнердсан PDF хувилбар гэж ойлгох нь түгээмэл байдаг.

Харин “ESAN” төсөл цахимжуулалтыг жинхэнэ утгаар нь буюу хиймэл оюуны технологиудыг ашиглан хийж байна. Сүүлийн гурван жилийн туршид ESAN-гийн мэргэжилтнүүд 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан 48 000 мөр код бичиж уг системийг бүтээжээ.

“ESAN” төслийн “Content Center” хэмээх платформ нь цахимжуулах, цахим архив, хиймэл оюуны тусламжтайгаар цахим бүтээлүүдийг аудио формат руу хувиргах, мөн Уйгуржин монгол бичгээс Кирилл рүү хөрвүүлэн сонсгох, аливаа материалын давхардлыг шалгах цогц системийг ажиллуулж байна. Цахимжуулахдаа скайнердаж, дараа нь OCR (optical character recognition) технологиор хэвлэмлээс цахим руу хөрвүүлж хиймэл оюунаар текстийн алдааг засдаг. Мөн үг, өгүүлбэр цаашилбал гадаад хэлнээс орчуулсан хувилбарын хуулбарыг хүртэл шалгах боломжтойгоороо шинэлэг технологи юм.

Иймэрхүү байдлаар ном, сурах бичиг, сонин сэтгүүл, эрдэм шинжилгээний болон судалгааны ажлууд, диплом диссертацийг нэг дор төвлөрүүлсэн Монгол дахь хамгийн том цахим номын сан болж байна. Нийтдээ 26 000 гаруй контент бүхий цахим сан үүсээд байгаа.

ESAN: Дээд боловсролыг чанаржуулна

Монгол эрдэмтдийн мэдлэг, ур чадвар дэлхийд дээгүүр үнэлэгддэг. Жишээ нь, академич Г.Цэрэнчунт Дэлхийн Шинжлэх Ухааны Академийн 2014 оны “Дэлхийн шилдэг эрдэмтнээр” шалгарч байсан. Түүний 2006-2014 оны олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нийтлэлүүдээс нь 7000 гаруй судлаач 500 орчим бүтээлдээ эш татсан байдаг.

Гэвч манай эрдэмтдийн бүтээл, ер нь монгол хүний мэдлэг, чадвараар бий болсон төрөл бүрийн өгөгдөл хүн төрөлхтний оюуны сангийн дэд бүтцэд нэгдэж чадаагүй. Их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагууд, хэвлэлийн газрууд, сонин сэтгүүлийн редакц, архивын газрууд, зохиолчид хэвлэмэл байдлаар асар их өгөгдлийг үүсгэж, хадгалж байгаа. Харамсалтай нь, оюуны энэ том сан хэвлэн нийтлүүлэх зардал, бусад техникийн хүчин зүйлсээс болж хүртээмж муутай, өртөг өндөр хэвээр. Тухайлбал, оюутнууд бусад сургуулийн судалгааны санд нэвтрэх боломж ч хомс байна.

Тэгвэл цаг хугацаа, орон зай, харъяаллын барьерыг арилгаж, сайн бүтээлүүдийг зардал багатай унших, судлах дэд бүтцийн шийдэл нь “ESAN” болж байна. Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа “ESAN” төсөл нэг сумаар нэлээн хэдэн туулайг “агнаж” байгаа юм6

Өнөөдөр эрдэмтэд болон бизнесийнхэн тус тусдаа л ажиллаад байдаг. Хоорондоо холбогдож, хөрөнгө оруулж, судалгааны ололтуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй.  

Тэгвэл судлаач өөрийн бүтээлийг “ESAN”-д оруулснаар хуулбар шалгах ухаалаг системийг ашиглан давхардал байгаа эсэх, өөрийнх нь бүтээлийг хэн нэгэн эшлэлгүйгээр ашигласан эсэхийг мэднэ. Түүнчлэн оюутнууд бусдын бүтээлээс хуулбарлаж байгаа эсэхийг багш нар мэдэж чаддаггүй. Харин “ESAN”-гийн “Content Center” платформ Шинжлэх ухаан технологийн сан, гадаадын сургалтын платформ, цахим мэдээллийн сан, мэдээ, мэдээллийн вэбсайтуудад хайлт хийн, текст, зураг гэхчлэн давхардсан элементүүдийг гаргаж ирэн оюуны хулгай байгаа эсэхийг нягтална. Ингэснээр нэгдүгээрт судлаач, зохиогчдын бүтээл оюуны өмчийн хувьд хамгаалагдаж, хоёрдугаарт өөрийн бүтээлүүдээс орлого олох боломжтой болно. “ESAN”-гийн нэвтрүүлсэн системийг Европын холбооны бүх сургууль, АНУ-ын ихэнх ахлах сургууль, БНХАУ-ын Шанхай болон Бээжингийн Их сургууль ашигладаг.

Оюуны өмчийн зөрчил багасахад бүтээлийн чанар өсдөг жамтай. Жишээ нь, судалгааны ажлын хуулбарлалтыг шалгадаг “Turnitin” хэмээх Америкийн том системийг 140 орны 15 000 их сургууль, институтийн 30 сая хэрэглэгч ашигласанаар нийт суралцагчдын эссэ, судалгааны ажлын голч дүн 53 хувиар сайжирч, бүтээлч хандлага 93 хувиар өсчээ. Тиймээс “Content Center” платформыг ашиглаж хэвших нь оюуны бүтээл хуулбарлах явдал багасаж, эш татах соёл төлөвшиж, оюутнуудын бүтээлч байдал дээшлэн үүнийгээ даган их, дээд сургуулийн сургалтын чанар сайжрахад шууд нөлөөлнө.

Дэлхий дахинд их, дээд сургуулийн эрэмбийг тогтоохдоо бүтээлээс эшэлсэн байдлаар нь үнэлдэг учраас Монголын сургуулиуд “ESAN”-гийн бүтээл эшлэх системд нэгдсэнээр судалгааны бүтээлүүдээ олон улсын оюуны сангийн дэд бүтцэд холбож, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах үүд хаалга нээгдэх юм. Тийм ч учраас “ESAN” төслийнхөн 2025 он гэхэд үндэсний дөрвөн том сургуулийг Азийн шилдэг сургуулийн эгнээнд оруулах, 2030 гэхэд олон улсын шаардлагад нийцэх төгсөгчтэй болгох гэсэн том зорилго тавиад байна.

ESAN төсөл одоогоор Монголын 18 их, дээд сургуультай гэрээ байгуулж, эрдмийн ажлуудыг нь цахимжуулаад байна. Мөн Шинжлэх ухаан технологийн сан (ШУТ сан) “ESAN”-гийн амтанд орж, хэвлэмэл материалуудыг цахимжуулах ажилд өргөн фронтоор оролцож байна. ШУТ сан нь 5800 орчим докторын диссертаци, эрдэмтдийн бүтээл, 1993 оноос хойших  4200 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан, 18 000 орчим шинэ бүтээл, оновчтой саналын талаарх мэдээлэл гэх Монголын оюуны маш том санг итгэмжлэн хадгалдаг. Өнөөдрийн байдлаар эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс “ESAN” 4 200 гаруйг нь нээлттэй байршуулаад байгаа аж.

Ийнхүү цахим санд төвлөрүүлснээр цөөн тооны салбарын хүмүүсээр хязгаарлагдахгүй бизнес, аж үйлдвэр, төрийн байгууллагууд цаашилбал хувь иргэнд ч нээлттэй платформ бий болж байна. Үр дүнд нь судалгааны ажлууд зах зээлийн жамаар хөгжиж, чанар чансаа нь нэмэгдэн улмаар эрдэмтдийн бүтээл гадаадад ч үнэлэгдэх боломж бүрдэх юм.