Э.Болормаа: Монгол хүний оюуны бүтээлийг бид өөрсдөө л хайрлан хамгаалж, хадгалан үлдэж,  түгээн дэлгэрүүлнэ  

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт реформын шинжтэй мэдэгдэл гаргалаа. Юу гэвээс, өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг авсан бүх хүнийг плагиаризмын шалгалтад оруулна. Шалгалтаар магистр, докторын диплом нь хуурамч гэдэг нь тогтоогдвол орон даяар түүнийг зарлана хэмээн хатуухан мэдэгдлээ. Харин уг шийдвэрийг бодит ажил болгоход нөөц боломж хэр байгаа, ямар платформ ашиглаж хуулбарыг шалгах, тэр нь хэр баталгаатай, олон улсад хэрэглэж байгаа платформуудыг ашиглавал уйгуржин, кирилл бичиг зэргийг таних эсэх, танилаа гэхэд давхцалыг илрүүлэх дата хэр их байгаа зэрэг олон асуудал урган гарч байна. Тэгвэл Eagle телевизээс энэхүү асуудалтай холбоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлгийг тоймлон хүргэе.  

МУИС-ийн профессор, орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч О.Болормаа: Судлаачид олон улсад эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхэд хуулалтын зэргийг шалгуулж байж хэвлүүлэх эсэх асуудлыг шийддэг. Монгол Улсад хуулалтын зэргийг шалгадаг системийг нийтээр ашигладаггүй учраас өнөөдрийг хүртэл дандаа нэг нэгнийхээ ажлаас хуулж ирсэн. Эшлэл ч авахгүй хуулах явдал байна. Хуулалт бол үнэхээр газар авсан. Үүнтэй холбоотойгоор, магистр, докторын ажлын хуулалт, цаашилбал, зэргийн дипломын үнэн эсэх талаарх асуудал ч гарна. Плагиаризмын зэргийг тодорхойлъё, нэг шалгуураар оруулъя гэж мэдэгдэж байгаа нь их зөв асуудлыг хөндсөн гэж харж байна. Гэхдээ ямар системээр хянах, сургууль бүр өөр өөрийн системтэй байх уу, зөвхөн монголд хянаад зогсох уу гэдгийг бодох хэрэгтэй. МУИС-ийн магистр, докторын ажлуудыг онлайн системд оруулсан. Энэ нь олон талын ач холбогдолтой, тухайлбал, судлаачид нэгнийхээ ажлаас ишлэл авна, ямар ажил эхэлж гарсан нь тодорхой болно, ажлын давхардал үүсэхгүй гэх мэт. Мөн магистр, доктор хамгаалах ажлын хуулалтын зэргийг шалгах ажлыг МУИС-ийн номын сан, ахисан түвшний сургууль хамтран хийж хамгаалалтад оруулдаг болж байна. Энэ ажил эхлэл төдий байгаа тул цаашид яг ямар системийг хэрэглэх вэ гэдэг асуудал байгаа. Хуулалтын зэргийг шалгадаг системүүдийн нэг бол Юнисолюшн Патрнерс ХХК-н Turnitin юм. Ер нь гадаадын олон системийг аваад хэрэглэе гэхээр уйгуржин, кирилл бичиг танихгүй. Тиймээс дотоодод бий болж байгаа платформуудыг дэмжихээс өөр аргагүй гэж бодож байна. Аливаа судалгааны ажлыг гадны байгууллагатай эсвэл гадны системтэй хамтарч хуулалтын зэргийг шалгах гэхээр монгол хэл, уйгуржин бичгийг танихгүй зэрэг асуудал үүсээд байгаа юм. Тиймээс дотоодод өөрсдийн хүчин чадлаар бий болчихсон нэгдсэн системийг аваад хэрэгжүүлчихвэл зүгээр юм уу гэж харсан. Би судлаачийн хувьд, Исан-д өөрийн хоёр номыг байршуулсан. Хэрэглэгчийн талаас нь аваад үзвэл надад их амар санагдсан. Орчин үед онлайнаар ном унших нь олон талын ач холбогдолтой. 

МУИС-ийн профессор, орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч О.Болормаа

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн ахмад багш,  доктор Н.Оюунцэцэг: -21 дүгээр зуун гарснаар насан туршийн суралцахуй гэдэг зүйл хүч түрж орж ирж байна. Насан туршийн боловсрол, насан туршийн суралцахуй хоёр ялгаатай ойлголт. Насан туршийн боловсрол гэдэг нийгмийн туршлага, өв соёлыг ард иргэддээ дамжуулдаг институцийн холбоотой зүйлийг хэлдэг. Насан туршийн боловсролыг иргэдэд олгохын тулд тухайн хүний насны тодорхой мөчлөгүүдэд боловсрол олгож байна. Тухайлбал, бага боловсролын таван жил, бакалаврын дөрвөн жил, докторын гурван жил зэрэг насны тодорхой шатлал боловсрол олгож байна. Харин насан туршийн суралцахуй гэдэг бол хүн төрөхөөс насан өөд болтол суралцах тэр бүх үйл явцыг хэлж байгаа юм. Мэдлэгээ хадгалах, хэрэглэх хугацаа маш хурдсаж байна. Мэдлэг хэдэн зуун жилээр тогтвортой онол байдаг байсан бол өнөөдөр үгүй болчихлоо. Жишээлбэл, анагаахын оюутанд энэ өвчнийг ингэж эмчилнэ гээд сургаад гаргатал зургаа, 10 жилийн дараа төгссөн эмч ажлын байран дээр очиход өнөөх заалгасан мэдлэг нь хоцрогдчихоод байна. Иймээс мэдлэгийн хагас задралын үе гэдэг нэр томьёо гарч ирлээ. Ковид-19-ийн халдварыг бид анх эмчлэхдээ найман сая төгрөг зарж биологийн таван шингэнд нь бараг вирус байхгүй болтол нь хоёр сар эмчилж байсан. Гэтэл омикрон хувилбар антиботек хэрэглэж болохгүй, өвчний шинж тэмдэг нь өөр, шинжилдэг арга нь ч өөр болчихлоо. Бараг гэрээр эмчлэгдэж байна. Ийм учраас хүүхдүүдэд нас насанд нь юуг сургах вэ гэдэг их хэцүү болчихсон. Үүнийг шийдэж байгаа тэргүүлэх санаа бол насан  туршийн суралцахуйг л дэмжье гэдэгт дэлхий нийтээрээ тогтож байна. Насан туршийн суралцахуйн хязгааргүй эрэлт хэрэгцээг төр ганцаараа хангаж чадахгүй нь тодорхой болчихсон. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага, төрийн байгууллага бүгд хамтарч байж шийднэ. Төрийн бодлого бэлэн байх хэрэгтэй. Орчин нь бэлэн байх ёстой. Жишээлбэл, Исан насан туршийн суралцахуйн их том орчин болж өгөх ёстой. Хүмүүс өөр хоорондоо ялгаатай эрэлт хэрэгцээтэй байгаа. Тиймээс платформ дээр олон төрлийн мэдээлэл орж байх ёстой. Түүнээс нь хүмүүс өөрийн эрэлт хэрэгцээнд тохирсон мэдээллээ олж авдаг цогц платформ өнөөдөр монголд хэрэгтэй байна.  

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн ахмад багш,  доктор Н.Оюунцэцэг

ESAN төслийн зөвлөх, доктор, дэд профессор Э.Болормаа: -Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээрх мэдэгдлийг хийснээр оюуны өмчийн хуулбарыг шалгах технологийг олны анхаарлын төвд орууллаа. Гадаад улс оронд сурч судалж, зэрэг цол хамгаалж байсан бүх л эрдэмтэд тухайн улс орон оюуны өмчийг ямар өндөр түвшинд хадгалж хамгаалдаг, өмнөх судлаачдын бүтээлийг хууль ёсоор ишлэн ашигладаг, олон шатлалт шалгуурыг давж дипломоо авдаг, хэрвээ хэн нэгний бүтээлийг хуулбарласан бол диплом нь хүчин төгөлдөр бус болдог зэрэг тогтсон соёлыг мэднэ. Тиймээс энэ соёлыг эх орондоо нутагшуулахыг хүсэж явдаг. 

Тэгвэл хиймэл оюун ухаан, технологийн тусламжтайгаар энэ бүхнийг гүйцэлдүүлэх суурь боломж, нөхцөлийг монгол инженерүүд бүрдүүлж байна.   “Еsan”-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн гол зорилго нь дээрх технологийг бүх төрлийн тэмдэгт таних болгон хөгжүүлээд зогсохгүй, бүх хэрэглэгч нартаа насан туршийн боловсрол, насан туршийн суралцахуйн суурь платформ,  түүний датаг бүтээж босгох, санг арвижуулах явдал юм. Исан”-г монгол инженерүүд олон улсын стандартын хүрээнд найман жилийн турш хөгжүүлж байна. Исан систем хуулбар шалгахаас гадна текстийг аудио болгох, кириллээс уйгуржин, уйгуржинаас кирилл рүү хөрвүүлэх, түүнчлэн монгол хэлнээс англи хэл, англиас монгол хэл рүү хөрвүүлэх замаар давхцалыг шалгах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой платформ. Өөрөөр хэлбэл, гадны ижил төстэй программыг ашиглаж болох хэдий ч  кирилл, уйгуржин бичиг таних асуудлыг шийдэж өгч байгаагаараа онцлог.Бага зэрэг дэлгэрүүлбэл, сүүлийн үед иргэдийн гадаад хэлний мэдлэг сайжирч, интернэт хэрэглээ өргөжсөнөөс үүдэж монгол гэлтгүй гадны бүтээлээс хуулах нь ч ихэссэн. Иймд гадны бүтээлийг англи хэл дээрээс монгол хэл рүү орчуулаад хуулчихсан мэдээллүүдийг ч илрүүлэх боломжтойгоороо ихээхэн давуу талтай.  

Монголын их дээд сургуулийн диплом, эрдэмтдийн судалгааны ажлыг ихэнх улс  орнууд тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ олон улсын жишигт нийцэх энэ төрлийн стандартуудыг хэрэгжүүлээд эхэлбэл олон асуудлыг шийдэх гарц гаргалгаа байна.  

Нэг талаас харахад хүний хувийн судалгаанд аудит хийж хянаж шалгах, нэр хүндэд халдаж буй мэт боловч нөгөө талдаа оюуны өмч, бүтээл, хур их мэдээллийг цэгцэлж авна гэсэн үг. Анхдагч эзэн нь хэн болох, хаанаас гарал үүдэлтэй судалгаа гэдгийг илрүүлэх тусам шинэ залуу судлаачдын бүтээл улам чанаржиж сайжирна, судалгааны талбар ч илүү өргөжин тэлнэ гэсэн үг. Бид Монголын Оюуны Өмчийн газартай хамтарч ажилладаг.Хамгийн анхны хувийн хэвшлийн зуучлагч, мэргэшсэн байгууллага болсон байгаа. Тиймээс манай санд бүтээлээ байршуулаад алдагдах эрсдэл бий эсэхэд эргэлзэх хэрэггүй. Нэгдүгээрт, Оюуны өмчийн газартай хамтарч ажиллаж, хамгаалалтад авч байна. Хоёрдугаарт, дижитал right менежмент буюу Европын холбоо тэргүүтэй өндөр хөгжилтэй улс орнуудын ашигладаг Google, Amazon, Facebook-ийн ашигладаг өндөр зэрэглэлийн нууцлалын системийг албан ёсны эрхтэйгээр авч монголын онцлогт тохируулж нутагшуулсан гэдгээрээ онцлог. Хэн нэгэн хүн түүнийг хуулах, олшруулахад мэдэгдэл ирнэ. Мөн хууль ёсоор нь тухайн бүтээлийг ашиглая гэвэл бүтээлээ патентжуулсан эзнээс нь зөвшөөрөл авч, үнэ хөлсийг нь төлөөд авах боломжийг бий болгосон. Энэ нь нэг талаар оюуны бүтээлийг хууль ёсны дагуу зах зээлийн эргэлтэд оруулах орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Монгол хүний оюуны өмчийг үнэ цэнтэй болгож, судлаач эрдэмтэд бүтээлтийнхээ үр шимийг хүртдэг тогтолцоог анх удаа монголд нэвтрүүлж эхэлснээрээ манай хамт олон маш их бахархдаг, бүтээлээ үнэлүүлж орлого олж байгаа эрдэмтэн, зохиолч, багш нар  маань ч маш их баяртай байгаа. Интернэттэй бол хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой учраас гадаад зах зээлд Монголын эрдэмтдийн бүтээлийг түгээж өгнө. Манай бүтээлүүдийг АНУ, ОХУ-ын номын санд сууж байгаа хүмүүс үзэх, сонсох эрхтэй болж байгаа учраас Монголын энэ үнэт өв соёлыг гадаад зах зээлд танилцуулахад бидний үйл ажиллагаа дэмтэй гэж харж байна.  

Үүнээс гадна энэхүү платформыг илүү өргөн дэлгэр, үе шаттай ашигласнаар судлаачдын рейтингийг тогтоох боломжтой. Тухайн салбарт ямар ямар судлаачид, ямар бүтээл туурвиж, ямар үр дүнд хүрч байгааг гаргаж танилцуулна гэсэн үг. Түүнчлэн хэн нэгэн хүн олон арван жилийн өмнө бүтээчихсэн оюуны өмчөө цахимаар авч хадгалж чадаагүй, элэгдэж хуучирсан цаасан хэлбэрт байлаа ч гэсэн манай контентын төвд хиймэл оюуны тусламжтай орхигдсон, баларсан тэмдэгтүүдийг орлуулан босгож цахимд хадгалж үлдэх боломж бүрдэж байна. Зүйрлэвэл, хар цагаан зургийг засварлан өнгөт сайхан зураг болгодог доо.  Иймд өвөө эмээ, аав ээжийнхээ бүтээл туурвил, гар нооргийг үр хүүхэд нь манайд авчирч, дээрх үйлчилгээг авснаар санд хадгалуулж, патент авч болно гэдгийг бас онцлон дурдмаар байна. Текстийг аудио хэлбэр рүү хиймэл оюунаар хөрвүүлснээр харааны бэрхшээлтэй иргэд сонсож мэдээ мэдээллийг авах боломжтой. Энгийн иргэд ч түгжрэл дунд сонсож болно. Нэвтрүүлэгч, дуу бичлэгийн студидэд мөнгө төлж хөрвүүлэг хийх шаардлагагүй болж байгаагаараа бас давуу талтай.  

ESAN төслийн зөвлөх, доктор, дэд профессор Э.Болормаа

Эцэст нь хэлэхэд монголчуудын бүтээж байгаа оюуны бүтээлийг монголчууд өөрсдөө л хайрлан хамгаалж, хадгалж, түгээн дэлгэрүүлнэ. Өөр хэн ч бидний өмнөөс санаа тавихгүй. Үндэсний үйлдвэрлэл гэдгийг бид бараа бүтээгдэхүүнээр л төсөөлөөд байдаг. Гэтэл үндэсний оюуны үйлдвэрлэл гэдэг бол Монгол Улсын дархлаа. Оюуны бүтээл үйлдвэрлэгч, хэрэглэгч бүх хүмүүст  манай сангийн платформ нээлттэй. Интернэт сүлжээтэй  бол хаанаас ч, хэзээ ч, хэний ч ямар ч бүтээлийг үзэх боломжтой. Гадаад улс орнуудад оршин суугаа хүн заавал Монголд ирж номын санд суух биш интернэтээс манайх руу нэвтрээд  ашиглах боломжтой. Бид цаашид хүний оюунаас ундран гарч байгаа бүх л бүтээлийг тухайлбал хөгжим, уран зураг, хатгамал гэх мэт бүтээлийн эх хувийг тэмдэгт болгон хадгалж, хамгаалах ч боломжтой. Тийм учраас иргэдийг уншиж, сонсож, өөрөө бүтээж, ашиг хүртэж, түгээн дэлгэрүүлж бүх талаар хамтран үндэсний оюуны үйлдвэрлэгч монгол инженерүүдээ дэмжээсэй гэж хүсмээр байна. 

Программаа танилцуулах явцад байгууллагууд бид өөрсдөө хийчихнэ гээд татгалзахаар өмнөөс нь харамсах шиг болдог. Маш олон судалгаа тооцооллын үр дүнд, олон инженерүүд нөр их хөдөлмөрлөж бий болгосон зүйлийг ахиад л цаг хугацаа, мөнгө үрэн байж босгох нь хайран шүү дээ. Тиймээс мэргэшсэн байгууллагууд, хувийн хэвшлээ төр засаг, ард иргэд нь бүгд дэмжээсэй гэж хүсэж байна. Манай улс цөөн хүн амтай. Дэлхийн шинжлэх ухаан, технологи үсрэнгүй хөгжсөөр байхад бид хувааж аваад хийсэн ч  барахгүй их ажил байна. Тиймээс аль болох хөдөлмөрийн зөв хуваарилалтыг хийх, институцийн давхцалыг арилгах, хувийн хэвшилдээ итгэл хүлээлгэх, бүх талаар дэмжих бодлогыг хэрэгжүүлэхийг төр засгаас хүсэж, энэ дашрамд Боловсролын сайд ийм чиглэлийн бодлого баримталж  байгаад баяртай байна.Бодлогын хэрэгжилтэд нь бид мэргэжлийн баг, программ хангамж, технологийн дэд бүтцийн дэмжлэг үзүүлэхэд ч бэлэн байна.Монголчууд бид бүл цөөн. Оюуны бүтээл туурвигчид нь хуруу дарам цөөн. Гэсэн ч хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, стандартыг бүрдүүлж, зөв менежментээр залвал монгол эрдэмтдэд маш их потенциал, хүч, хур их нөөц байгаа. Монгол оюуныг дээдэлж, хамтдаа дэлхийтэй хөл нийлүүлцгээе.