Үндэсний цахим санд 7,358 зохиогчийн 29,309 бүтээл байршиж байна

Үндэсний цахим номын сан ESAN үйл ажиллагаа улам өргөжүүлэн, хүрээгээ тэлсээр байна.

Хамтарч ажиллах зохиогчийн тоо өсөн нэмэгдсээр өдгөө 7,358 зохиогчийн 29,309 бүтээлийг байршуулжээ. Эдгээрийг хуудсаар нь авч үзвэл 517,500 болох аж. Байршуулсан бүтээл нь цахимаар борлуулагдах, эшлэл авах бүрийд орлого ордог нь тухайн зохиогчдод бодит үр өгөөжөө өгсөн ажил болсон юм. Цаашид ESAN төслийн инженерүүд хиймэл оюун ухаанд суурилсан хөгжүүлэлт хийж, бүтээлийг жинхэнэ хүн уншсанаас дутуугүй сонсогддог болгохын тулд ажиллаж байгаа аж. 

Мөн өнгөрсөн онд ESAN Edu буюу Боловсролын платформыг нээн 18 их, дээд сургуультай хамтран ажиллах гэж байгаа бол шинээр байгуулсан Контент төвдөө 456 байгууллагатай хамтрахаар болжээ. 

Энэ мэтээр ESAN үйл ажиллагааныхаа хүрээг улам тэлсээр байна. “Хүн хүссэн зүйлээ Google.com-оос хайдаг шиг олон салбар чиглэлийн оюуны бүтээлүүдээс ESAN-аас хайдаг болох нь бидний алсын хараа. Үүнийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчдийн санаа бодол, хүсэлт бидэнд хамгаас чухал. Тухайн хэрэглэгч ямар чиглэлийн бүтээл, зөвлөгөө, сургалт авахыг хүсэж байгаагаа илэрхийлбэл манай хамт олон тэр бүхнийг байршуулахаар ажиллана хэмээн ESAN төслийн зөвлөх, доктор, дэд профессор Э.Болормаа хэлсэн юм.

Мөн тэрбээр “Манай улсад шинжлэх ухааны бүтээгдэхүүний гаралт өндөр түвшинд байгаа боловч бодит эдийн засгийн эргэлтэд орох, бараа бүтээгдэхүүн болох, ард иргэдийн амьдралын чанарт нөлөөлөх талдаа дутмаг байгаа. Үүний учир шалтгаан нь нэг платформ дээр нэгдэж, хоорондын эрэлт хэрэгцээг хангахуйц ажлууд дорвитой, өргөн талбарт, цогц байдлаар, тасралтгүй хийгдэж чадахгүйд гол асуудал оршиж байна. Тиймдээ ч дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа R&D суурьтай шинжлэх ухаан, инновацын үсрэнгүй дэвшил монголд үгүйлэгдэж байгаа болохоор тэрхүү “цоорхой” орон зайг нөхөх, шийдэл гарц нь энэхүү платформ байгаасай гэж бид хүсэж байна.

Хоёр дахь асуудал нь дээд боловсролын сургалт, чанарын асуудал. Сүүлийн хоёр жил залуусын боловсролын асуудал хурцаар тавигдаж байна. Олон улсад хөгжиж буй Credit transfer системийг бид платформ дээрээ хөгжүүлэх боломжтой. Энэ кредитийн төлбөрөө төлөөд профессоруудынхаа хичээл үзэн, суралцах тогтолцоо юм. Ингэснээр сургалтын чанар, их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар ч сайжирна. 

Одоогоор бид дээрх хоёр асуудлын техникийн талын нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймд харьяа яам, тамгын газрууд холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллавал боловсрол шинжлэх ухааны дэлхийн шинэ чиг хандлагаас хол хоцрохооргүй технологийг төр засгаас санхүүжилт авалгүйгээр манай залуус хийж бүтээн, нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа шүү гэдгийг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна гэв.

Түүнчлэн тэрбээр ESAN-д оюутнууд өөрсдийн судалгааны ажил, бүтээлийг байршуулан мэргэжлийн чиглэлээрээ орлого олох боломжтойг ч онцлов.

Насан туршийн боловсролыг эзэмших боломжтой

ESAN-аас зохиогчийн ном, судалгааны ажлуудыг үзэхээс гадна Насан туршийн боловсрол эзэмших боломжтой гэдгээрээ ихээхэн онцлог. Тухайлбал, сүүлийн үеийн чиг хандлага болоод буй эко бүтээгдэхүүн өөрөө хийх, эрүүл амьдралын хэв маягийг эзэмших, эрүүл мэндийн талаарх зөвлөгөө мэдээллийг ESAN-аас авах боломжтой юм.

Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөнүүд бичгээр болон сонсох хэлбэрээр байршиж байгаа тул түлхүүр үгээр хайхад хангалттай аж. Үүний зэрэгцээ өөрийн мэргэшсэн чиглэлээрээ та хичээл бэлтгэн тус санд байршуулах бүрэн боломжтой. 

Үндэсний цахим номын сан ESAN алсдаа олон талын мэдээллийг нэгтгэсэн томоохон платформ болох эрмэлзэлтэйгээр ажилласаар байна. Улам хөгжүүлж, өөрийн хүссэн мэдээллийг хуруу дарахын төдийд авахыг хэрэглэгч та хүсэж байгаа бол түүнийгээ уламжлах, зохиогч та оюуны бүтээлээ зохих ёсоор үнэлүүлж, нэмэлт орлоготой болохыг хүсэж байвал тус хамт олонтой холбогдоорой. ESAN хамтарч ажиллахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байх болно. 

Эх сурвалж: ikon.mn