МУИС-иас санаачлан “Esan-Үндэсний цахим сан”-гаас дэмжин хэрэгжүүлж буй ном, сурах бичгийг цахимжуулж, нийтэд түгээх Цахим сурах бичгийн сангийн нээлт өнөөдөр тус сургуулийн Номын санд боллоо. Нээлтэд, МУИС-ийн захирал Д.Бадарч, И Эс Эй Эн компанийн захирал Ц.Мөнхтүвшин нар үг хэлж, багш эрдэмтэн судлаачид, ном, сурах бичгийн зохиогчид болон оюутны төлөөлөл оролцов.
Энэ төслийн хүрээнд нийт 30 гаруй эрдэмтэн багш нарын зохиосон олонд танигдсан, суурь шинжлэх ухааны сурах бичгүүдийг үнэ төлбөргүй, нээлттэйгээр онлайнд байршуулж, багш судлаачид, оюутнууд төдийгүй олны хүртээл болгоход бэлэн болсон байна.
Ингэснээр математик,байгалийн шинжлэх ухааны салбарын ховор 30 гаруй сурах бичиг, академик бүтээлийг оюуны өмчийн эрхийг нээлттэй лицензээр цахимжуулан Esan.mn сайт аппликэйш дээр үнэ төлбөргүйгээр уншиж, ашиглах боломжтой болж байна.
Сүүлийн хориод жил ЮНЕСКО болон дэлхийн тэргүүлэх их сургуулиудаас санаачлан “Сургалтын нээлттэй нөөц эх материал буюу Open education resourse (OER) хөдөлгөөнийг өрнүүлж, сурах бичиг, сургалтын бусад материалууд, онлайн хичээлүүдийг бүх нийтэд нээлттэйгээр хэрэглэх боломжийг олгох замаар мэдлэгийг бүх нийтэд үнэ төлбөргүйхүргэх болсон юм.
МУИС-иас эрдэмтдийнхээ бүтээсэн мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох үүднээс үндсэн суурьсурах бичгүүдээ онлайнаар түгээх ажлыг эхлүүлж байгаа нь манай орны боловсролын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг боловсрол судлаачид үнэлж байна.
Тус сангийн ач холбогдол:
ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ:
Интернэтэд холбогдсон хүн бүрд нээлттэй тул суралцагчид ямар нэгэн орон зай, цаг хугацаа,хөрөнгө зардалд хязгаарлагдахгүйгээр сонирхсон сурах бичигт хандах боломжтой баалслагдсан бүсийн сурагчид, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэйгээр сурах боломжийг олгоно.
ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ:
Багш болон сурагчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог дэмжих ба багш, эрдэмтэд нээлттэй санд туршлагаа хуваалцаж харин олон нийт тухайн мэдлэгээс суралцах боломжтой болдог.
СУРАЛЦАХ ӨРТГИЙГ БУУРУУЛНА:
Сурах бичиг, сургалтын материалын хэвлэлийн зардалгүй болгож, үнэ төлбөргүйгээр олон нийтэд хүрдэг тул суралцагчдад санхүүгийн дэмжлэг болно.
СУРГАЛТЫН ЧАНАРСАЙЖИРНА.
Мэдлэгийн эх үүсвэрийг суралцагчдад ойртуулснаар тэдний сурах үйл ажиллагааг дэмжиж, улмаар сургалтын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлнө.
Хариу бичих