Номыг хэрхэн супер хурдан унших вэ?

Бидний өдөр тутмын амьдралд унших шаардлагатай хэрэгцээт мэдээлэл улам бүр нэмэгдэж, чөлөөт цаг хугацаа улам бүр хумигдаж байна.

Хурдан унших нь тухайн хуудсан дээрх үг хэллэг, өгүүлбэрийг тус бүрд нь ялгахын оронд нэг дор хурдан таньж, шингээх үйл явц юм.

Ихэнх хүмүүс минутад дунджаар 100-200 үг уншдаг хэдий ч үнэндээ бид үүнээс 2-3 дахин хурдан унших бүрэн боломжтой. Тиймээс унших хурдыг сайжруулах зарим аргуудаас хуваалцъя.

  1. Хурдан унших хамгийн эхний алхам бол тухайн номын өмнөх үг, гарчиг, зарим тохиолдолд бүлэг тус бүрийн товчлол зэргийг алгасалгүй уншихыг зөвлөж байна. Энэ нь таны тархи номд өгүүлэх мэдээллийг урьдчилан таамаглах, хялбар хүлээж авах эхний бэлтгэл алхам болдог.
  2. Үг бүрийг дуудаж унших нь таны унших хурдыг удаашруулна. Харааны уншлага хамгийн хурдан бөгөөд амандаа унших хэрэггүй гэж зөвлөдөг. Аманд үг хэлэхээс өмнө тархи үгийн утга холбогдлыг аль хэдийн боловсруулж амжсан байдаг.
  3. Сонгодог хөгжмийн аянд унших. Хачирхалтай нь сонгодог хөгжим сонсож байх үед хүний оюун санаа сатааруулагч орчны нөлөөнөөс тусгаарлагдан зөвхөн ном, номд гарч буй үзэгдэл, өгүүлэгдэж буй дүрүүдийг таны оюун төсөөллөөр бодит мэт болгодог нь номыг илүү амьтай, амттай болгодог. Гэвч энэ арга хүн бүрд тохирохгүй байж мэднэ.
  4. Унших хурдыг удаашруулдаг бас нэг зүйл бол нэг мөр дуусаад дараагийн мөрөнд шилжих үед мөр андуурч унших. Ялангуяа жижиг үсэгтэй хэвлэсэн ном унших үеэр түгээмэл тохиолддог асуудал юм. Ийм төрлийн номыг хуруугаараа эсвэл харандаа бал аль нэгийг заагч байдлаар ашиглахыг зөвлөж байна. Цахим ном уншиж байгаа бол үсгийн фонтыг өөр тааламжтай хэлбэрээр тохируулах, дэлгэцийн өнгийг хэт хурц, эсвэл бүдэг байлгахгүй байх хэрэгтэй.
  5. Хурдан уншихад хэвлэмэл номоос илүү цахим ном илүү үр дүнтэй. Учир нь хаана ч авч явж болох авсаархан, үргэлж хамт байдаг тэр зүйл бол таны гар утас юм. Хэвлэмэл ном уншихад заавал цаг гарган ном унших тухтай орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай болдог. Тохирсон тухтай сандал, ор, гэрэлтүүлэг, чимээ аниргүй тусгаарлагдсан байдал таныг уйдааж, нойр хүргэхээс хэтрэхгүй байж мэднэ. Иймд цахим ном унших дадалтай болохыг зөвлөж байна.
  6. Хурдан уншигч болохын тулд холбоо үг, хамт хэрэглэгддэг бүлэг үгсийг нэг дор уншдаг болох. Энэ чадвар ном унших дадал эзэмшсэн хүнд аяндаа суудаг учраас хэн ном их уншина, тэр энэ чадварыг эзэмшинэ гэж ойлгож бас болно.
  7. Та цаг зав, оюун сэтгэхүйгээ “муу бүтээлтэй” зууралдаж өнгөрөөх хэрэггүй. Унших ном, сэтгүүлээ зөв сонгох нь чухал. Тааруухан бүтээл утга, өгүүлбэр зүйн хувьд алдаа ихтэй, цаг үрсэн “муу кино” шиг байх нь элбэг. Энэ тохиолдолд таны унших дуршил буурч, хурдан унших бус бүр ном уншихаас хүсэлгүй болж ч магадгүй. Тиймээс бестселлер, бусад уншигчдын санал болгосон, сайн орчуулгатай ном, эсвэл зохиогчийн эх хэл дээр нь бичсэн номыг сонговол сайн.
  8. Зарим ном, шинжлэх ухааны өгүүлэл дээр ганцхан цөм асуудлыг хөндөөд, харин бусад хэсэг нь тэр асуудлаа турших, нотлох, тайлбарлах зэргээр харьцангуй сул, хүндрэлгүй, уншихад энгийн хэлбэрээр бичигдсэн байдаг. Энэ жишээн дээр бид анхааралтай унших, хурдан унших хоёрын хослуулж хэрэглэх ёстойг харж болно.
  9. Хүний сурах чадвар, тухайлбал: Бүжиглэж сурах, гадаад хэл сурах, хоол хийж сурах, машин жолоодож сурах… зэрэгтэй харьцуулахад хамгийн хурдан сурч, сайжруулж болох чадваруудын нэг нь хурдан унших юм шүү.

Зарим хүмүүс минутад 1000-3000 үг уншиж, нэг нүүрийг 6 секундэд уншиж болох тухай бичиж байгаа нь ердийн хүний хувьд “Санахын ч хэрэггүй” зүйл. Судалгаанаас үзэхэд хэт хурдан гүйлгэж унших нь ялангуяа нарийн ширийн зүйлийг санахад бага мэдээлэл авдаг болохыг тогтоожээ. Хэрэв та хууль эрх зүйн болон техникийн нарийн төвөгтэй баримт бичиг, анагаах ухаан, шинжлэх ухааны ном уншиж байгаа бол тийнхүү хурдан уншсаны үр дүн байх болов уу?