Цахим номын давуу талууд

1. Нэг төхөөрөмж, олон ном

Нэг л төрлийн төхөөрөмжөөс ороод олон төрлийн ном унших боломжтой. Хаана ч авч явж болно, хайрцаг дүүрэн ном энд тэнд тавьж хаана хадгалах вэ гэж санаа зовох шаардлагагүй. Гэрт ч тэр, цүнхэнд ч тэр хамгийн бага зайг эзэлнэ.

Ялангуяа оюутан сурагчид цүнх дүүрэн ном авч явах шаардлагагүй, ганцхан таблет юм уу, утас эсвэл зөөврийн компьютер байхад л хангалттай. Заавал номын дэлгүүр орж, эсвэл хүргэлт нь хэзээ ирэх бол гэж хүлээх шаардлагагүй.

2. Хаанаас ч унших боломжтой

Цахим номоо хүссэн төхөөрөмжөө ашиглаад хаанаас ч унших боломжтой. Ажил дээрээ, гэртээ, хөдөө аялал зугаалгаар явж байхдаа ч уншиж болно. Яагаад гэвэл ихэнх цахим номын платформ интернэтгүй үед ч уншиж болох боломжийг уншигчдад аль хэдийн бий болгосон байдаг.

3. Хялбар шинэчлэлтүүд

Нэгэнт цаасан хэвлэлээр гарсан бол ямар нэгэн алдаа гарвал дахин хэвлэхээс өөр аргагүй. Харин цахим ном дээр алдаа гарсан эсвэл ямар нэгэн шинэчлэлт хийх шаардлагатай бол тэр болгоныг шууд амар хялбараар засварлаж болно. Цаг хугацаа, өртөг аль алийг нь хэмнэнэ. Хамгийн сүүлийн шинэчилсэн хувилбараа түргэн шуурхай уншигчдадаа хүргэх боломжтой.

4. Уншихад амар

Дэлгэцийн гэрэлтүүлгийг нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр тохируулж, фонтын хэмжээг өөрт таарснаар сольж өөрчилж болно. Зарим хэвлэл ном цав цагаан цаасан дэр хараар хэвлэсэн байдаг болохоор уншихад их хэцүү байдаг. Харин цахим номыг та өөрийн нүдэнд хамгийн таатай, амар хялбар байдлаар тохируулж болдгоороо онцлог.

5. Цаг хэмнэнэ

Завгүй үедээ хаана ч сонсоод явж болно. Жишээ нь жолоо барьж байхдаа замын түгжрэлд, гэрээ цэвэрлэж байхдаа, цайны цагаараа хоолоо идэж байхдаа ч тэр бүхий л үед сонсож болдгоороо давуу талтай. Ялангуяа энэ нь сонсголын бэрхшээлтэй болон өөр бусад унших бэрхшээлтэй хүмүүст нэн хэрэгтэй.

6. Байгаль орчинд ээлтэй

Цахим ном нь байгаль орчинд ээлтэй байдаг. Энэ нь цаасан дээр хэвлэх үйл явцыг бүрэн арилгаж, хэвлэн нийтлэгчдэд хэвлэх зардлыг хэмнэж өгдөг. Жилд ойролцоогоор 2,2 сая ном хэвлэгддэг бөгөөд үүнд 3 сая орчим мод ашигладаг. Үүнээс гадна ном хэвлэхэд зарцуулах тог, түүхий эдийг хэмнэснээр байгаль орчин хийгээд уур амьсгалд ч эергээр нөлөөлөх юм. Тиймээс цахим ном хэрэглэснээр хүрээлэн орчноо хайрлаж байгаагийн нэгэн илрэл билээ.

7. Урт хугацаанд ашиглана, зардал хэмнэнэ.

Мэдээж хэвлэлийн зардлыг хэмнэж байгаа тул цахим номыг хэвлэмэл ном бүтээлээс хамаагүй хямд үнээр зах зээлд борлуулдаг. Цаас ашиглахгүй, тээврийн зардалгүй, дээрээс нь тогны зардал хэмнэхээр үүнийгээ дагаад үнэ нь хямдарна. Ялангуяа өнгөт хэвлэлтэй, комик ном, янз бүрийн зураг орсон номуудын хэвлэлийн зардал үүнийгээ дагаад илүү үнэтэй болдог бол цахим номд энэ нь өнгөтэй байна уу, өнгөгүй байна уу ямар ч зардал гарахгүй.

8. Элэгдэж, үгүйрэхгүй

Хуучны үнэтэй,  ховор нандин бүтээлүүд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр муудаж, үгүйрэх нь бий. Харин техникийн хөгжлийн хэрээр тэдгээр бүтээлүүдийг зөвхөн үзэсгэлэнгийн шилэн хоргонд үзмэр болон үлдэх биш, цахим хэлбэрт шилжүүлэн бүх хүнд хүрч чадах бөгөөд элэгдэж үгүй болно гэж байхгүй юм.

9. Бүтээлийг үнэгүйдүүлэхээс хамгаална.

Хэвлэмэл ном бүтээлийг нэг уншигч худалдаж авлаа гэхэд цаашаа дамжуулан үзэх мөн өөр бусдад худалдах тохиолдол их байдаг бол цахим ном бүтээлийг тухайн нэг хэрэглэгч л унших боломжтой тул зохиолч бүтээгчдийн номыг үнэгүйдэхээс хамгаалах юм.

Энхзаяа
"И ЭС ЭЙ ЭН" ХХК Маркетингийн менежер